Улсын заан Д.Мягмар: Бөхчүүд бид нийгэмд үлгэр болсон холбоогоо хамааралгүй хэн нэгнээр үрэн таран хийлгэмээргүй байна
Өнгөрсөн хавраас хойших есөн сарын хугацаанд МҮБХ-ны эргэн тойронд болоод байгаа үйл явдлын талаар тус холбооны тэргүүлэгчээр олон жил ажилласан Монгол Улсын заан Д.Мягмар, гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очир нартай ярилцлаа.
-МҮБХ-г байгуулж Бөхийн өргөөг босгож, бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан хүмүүс ажлаа өгснөөс хойш ес дэх сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ маргаан хэзээ, юунаас үүдсэн юм бэ?
Д.М: -Харамсалтай байна. МҮБХ, Монгол бөхийн өргөө яаж ажиллаж байсныг олон бөх сонирхогчид мэдэж байгаа. Долоо хоногт нэгээс хоёр барилдаан, хоёроос гурван урлагийн тоглолт болдог байлаа. Бид өргөөтэй болсныхоо 20 жилийн ойг сайхан хийнэ гээд тодорхой ажил төлөвлөөд эхлүүлж байсан юм. Өргөө ашиглалтад орсон өдрөөс манай зарим нөхдийн шунал хөдөлж эхэлснийг бид мэдээгүй явсан байна лээ. Энэ нь 2002 онд ил болсон юм. Юу гэвэл, 2002 онд ээлжит IY Их Эеэ хуралдуулж, дүрмээ шинэчлэн баталж, Цэцдийн зөвлөлөө шинээр сонгоод, тэргүүнийг сонгох сонгуулиа явуулсан юм. Тэргүүнд Р.Нямдорж, Б.Сүхбаатар хоёрыг өрсөлдүүлэхэд Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 санал авлаа. Би тооллогын комиссын гишүүнээр ажиллаж байсан. Тооллогын комисс тогтоолоо гаргаад бүгд гарын үсгээ зурж батлуулахад бэлэн болгоод байтал гэнэт зарим бөх хурал хаях болоход комиссын дарга маань ч нөгөө тогтоолоо аваад гараад явчихсан. Ингээд хурал тарсан. Р.Нямдоржийг сонгосон олонх шүүхэд хандан Р.Нямдоржийг тэргүүнээр сонгогдсоныг шүүхээр баталгаажуулах хүсэлт гаргасан тэр үед Их Эеийн төлөөлөгчид бүгд байгаа, 172 саналын хуудас байгаа, Их Эеийн ажиллагааг бүрэн бичсэн дүрс бичлэг байгаа хэрэг шүү дээ. Гэтэл гурван шатны шүүх нэг ч гэрчээс асуулгүй, 172 хуудсыг ч үнэлэлгүй, дүрс бичлэгийг ч харалгүй “Тэргүүний сонгууль явуулсан нь тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэн Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-нд 403 тоот тогтоол гаргасан юм. Үнэхээр гайхалтай юм билээ. Үнэний эсрэг, худлын талд гарсан энэ тогтоолд “Тэргүүн сонгох асуудлаар ээлжит бус Их Эеэ хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд даалгасугай” гэсэн байсан. Тэр үеийн шүүх ийм байсан. Одоо бол шүүгчид өндөр цалинтай болсон болохоор эрхбиш шударга болсон байх гэж найдаж байна.
-Тэгээд Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу Цэцдийн зөвлөл хуралдсан юм уу?
Г.П: -Заан маань 1990 оноос тэргүүлэгчээр тасралтгүй ажилласан, монгол даяараа мэдэх жудагтай бөх шүү дээ. Би бол 1996 оноос Цэцдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 1998 оноос тэргүүлэгчээр ажилласан хүн. Улсын дээд шүүхийн 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх гэж аль аль тал нь хэд хэд хуралдсан. Харамсалтай нь нөгөө тал маань ирцийг хуурамчаар бүрдүүлдэг тул хууль бус болдог, бид ирцээ ном ёсоор бүрдүүлээд хуралдахаар нөгөө нөхөд маань шүүхэд өгөөд, шүүхийг аргалдаг нөгөө аргаараа хүчингүй болгуулчихдаг юм. Энэ түүхийг яривал барагдахгүй, олон боть ном болно л доо.
-Хамгийн сүүлд Цэцдийн зөвлөл хэзээ хуралдсан бэ. Тэр нь хууль ёсны болж чадсан уу?
Д.М: - Нөгөө тал маань Нийслэлийн ШШГА-тай хамтран Цэцдийн Зөвлөлийг 2014 оны зургадугаар сард хуралдуулж, ээлжит бус Их Эе хуралдуулах шийдвэр гаргасан нь хууль бус болохыг Цэцдийн зөвлөлийн гишүүн биш 10-аад хүнийг итгэмжлэл гэгчээр оруулсан. Хэд хэдэн хүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэлээр МҮБХ-оос шүүхэд гомдол гаргасан юм. МҮБХ-ны дүрэмд Цэцдийн зөвлөлийн гишүүн өөрийнхөө оронд итгэмжлэлээр өөр хүн оруулж болно гэсэн заалт байхгүй байхад гурван шатны шүүх энэ хурлыг мөн л зөв хурал гэсэн. Энэ шийдвэр бол аль нэг намын бага хурлын гишүүн хуралдаа ирээгүй бол оронд нь өөр хүнийг итгэмжлэл гэгчээр оруулаад байж болно гэсэнтэй адил юм. Таньдаг ахмад хуульч нартаа энэ тухай ярихаар тэд үнэмшиж өгөхгүй, толгой сэгсрээд байдаг юм байна лээ.
Харин хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэлд нь СБД-ийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахад хуурамчаар ирц бүрдүүлсэн баримтын эх хувийг хавтаст хэргээс хулгайлан авч, энэ хурлыг гардан зохион байгуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Байгальмааг гадаад руу оргон зугтаалгасан байсан тул уг хэрэг түр хаагдсан юм.
Г.П: - Хамгийн сүүлд гэвэл бид МҮБХ-ны ээлжит дөрөвдүгээр Их эеэс 2002 онд сонгогдсон Цэцдийн зөвлөлийг 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр хуралдуулан МҮБХ-ны ээлжит наймдугаар Их Эеийг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хуралдуулах шийдвэр гаргаж, шийдвэрээ хэрэгжүүлсэн л дээ.
-Энэ Гацууртын Чинбат гэдэг хүнийг хэзээ, хэн сонгосон юм бэ. Энэ хүн чинь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан биз дээ?
Г.П: - Зааны хэлснээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж хууль бусаар хуралдсан Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу зарим нөхөд маань ээлжит бус Их Эе гэгчийг 2017 оны тавдугаар сард хуралдуулан МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байдаг. Энэ хурлыг хууль ёсны гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй юм. Их Эеийн төлөөлөгчийг сонгох журмыг зөрчсөн, улсын алдар цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач зүтгэлтнүүдийн дийлэнх олонх оролцоогүй юм байна лээ. Тэд дээрх хурлынхаа ирцийг их нуудаг улс. Ер нь ирцэн дээр л ажилладаг улс шиг байгаа юм. Гэвч ердөө зургаахан аймгийн 40 хүрэхгүй улсын цолтон оролцсон байдаг юм. Тэдний 50 орчим хувь нь нэг л аймгийн бөхчүүд гэж байгаа шүү дээ. Л.Чинбат гэдэг хүнийг бид танихгүй. МЧБХ-той 2013 оноос хойш зургаа дахь жилээ шүүхдэлцээд яваа хүн л гэж дуулддаг юм.
-Тэгээд энэ чинь хүчинтэй байж чадах юм уу?
Д.М: - Яаж хүчинтэй байхав дээ. Их Эед бүх аймаг, бүх цолны төлөөлөл 200 төлөөлөгч оролцох журам байдаг юм.
-Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгосон хурлын ажиллагаа хууль дүрмийн дагуу болсон юм уу?
Д.М: -МҮБХ ээлжит наймдугаар Их Эеэ өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-нд орон даяр нээлттэй хийсэн. 21 аймгийн бөхийн цол, цолны 200 төлөөлөгч тус тусынхаа хурлаар сонгогдоод орсон. Б.Бат-Эрдэнэ аваргыг 100 хувийн саналаар тэргүүнээрээ сонгосон, Цэцдийн зөвлөлөө сонгосон. Дийлэнх нь манай дунд үеийн бөхчүүд сонгогдсон. Цэцдийн зөвлөл тэргүүлэгчдээ сонгосон, бас л дунд үеийн бөхчүүд. Тэргүүлэгчид нь гүйцэтгэх захирлаа томилсон. Энэ бүхэн бол бүгд дүрмийнхээ дагуу болсон ажил.
-Удалгүй л бөхийн өргөө рүү халдлаа, дайрлаа гэсэн мэдээлэл гарч цагдаагийн хамгаалалт авлаа гэсэн. Энэ ер нь ямар учиртай юм бэ?
Г.П: -Тэр чинь дархан аварга Ж.Мөнхбат агсныгаа оршуулсан өдрийн шөнө шүү дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны шөнө . Л.Чинбатад өнгөосөн оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн газраас МҮБХ-ны гэрчилгээг давхардуулан олгосон юм байж. Бид түүнийг яаж мэдэх билээ. Тэгээд албан ёсны холбоо нь ажлаа хийгээд байж байтал л Л.Чинбат гэдэг хүний цуглуулж, хооллож, хөлс мөнгө өгч бэлдсэн гаднын бөөн хүч дайрсан хэрэг. Энэ бол даанч харамсалтай, дэндүү ёс зүйгүй, монгол бөх, бөхчүүдийн нэр хүндийг гутаасан муухай явдал л даа.
Д.М: - Бид бас хуульч нараас асуулаа, өөрснөө ч хууль үзлээ. Хуулийн этгээдийг чинь тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр, эсвэл шүүхийн тогтоолоор л татан буулгадаг хоёрхон замтай юм байна. Улсын бүртгэлийн газрын байцаагч нарт байгууллагыг татан буулгах, гэрчилгээ давхардуулан олох эрх байдаггүй юм байна, бүр хориотой байдаг юм билээ. Ийм байхад л хэвийн ажиллаж байгаа байгууллагын гэрчилгээг нэг байцаагч хүчингүй болгоод өөр хүмүүст яг тэр нэрээр нь гэрчилгээ олгочихож байгаа хэрэг л дээ. Ямар нэгэн даралт, шахалтгүй бол төрийн албан хаагчид хуулиа мэдсээр байж ийм хууль бус үйлдэл хиймээргүй л юм, гайхаад л байна. Ингээд МҮБХ-ны жинхэнэ удирдлага энэхүү давхардуулан олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан юм байна лээ. Энэ бол зүй ёсны асуудал. Шүүх хэрэг үүсгээд шалгаж байх хооронд МБӨ-г хүчээр булаан авах гэж Л.Чинбатынхан хэдэн ч удаа дайрав, хэчнээн ч хаалга үүд эвдэв дээ.
Ийм ойлгомжтой, илт хууль зөрчсөн хэргийг хуулийн дагуу шударгаар шийднэ гэж бөхчүүд найдан харсаар байна.
-Саяхан хоёр дархан аварга хамтран байгуулсан түр зөвлөлөөс МҮБХ-ны удирдлагын асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гартал МБӨ-гөө нээх талаар санал нэгдсэнээ зарласан. Үүнд бөхчүүд, ард түмэн их баярласан, гэтэл одоо юу болоод байна вэ?
Г.П: - Юуны өмнө хэлэхэд хоёр аваргадаа бид их баярласан. Бөхчүүдэд эрэмбэ, ах зах гэж нэг нандин юм байдаг. Үүгээрээ бид нам, компаниас их өөр. Гэтэл Билгүүн гэнэ үү, нэг нөхөр “Баянмөнх биднийг төлөөлөхгүй, Бөхийн өргөөг нээлгэхгүй” гэсэн бичгийг цагдаад өгсөн байх юм.
Д.М: - Шүүх дээр байгаа асуудлын эцсийн шийд гартал цаг их алдана, иймд бөхчүүд, үзэгчид, МБӨ-ний 40-өөд ажилчдын эрх ашгийн төлөө МБӨ-өө нээгээд барилдаан бусад ажлуудаа явуулж байх нь зөв шүү дээ.
-Саяхан МҮБХ гэх төрийн бус байгууллагын гэсэн нэрээр цахим орчинд уриалга гаргасан байсан. Энэ талаар та хоёр юу хэлэх вэ?
Д.М: - Намуудын сонгуулийн амлалт шиг, намууд сонгуулийн үеэр бие биенээ гүжирддэг шиг л юм байна лээ. Одоо тийм хоосон амлалтад бөхчүүд хууртах уу? Яамдад бичиг өгөөд л бөхчүүдээ цалинтай, тусгай хангамжтай болгох гэнэ, МБӨ-нд баахан 00 –ын өрөө нэмж хийх гэнэ. Түрээсээр орлого олдог бол 00-оос гарз л гарна шүү дээ. Бөхийн өргөө чинь цөөхөн бөх бэлтгэл хийгээд, усанд ороод гардаг бэлтгэлийн ордон биш, 256 бөх ирж барилдаад явдаг үзвэрийн ордон. Ийм олон бөх чинь усанд орох гэж өглөө ирэх үү, барилдааны дараа усанд орчихоод шөнө явах уу? Хүнийг тэнэг гэж харуулах гээд өөрийнхөө тэнэгийг харуулах ямар хэрэг байна. Тэр бичиг дээр манай холбооны тэргүүлэгч байгаад гарсан Ү.Хүрэлбаатарын утас харагдана лээ. Ер нь хавраас хойш тэндээс гарч байгаа элдвийн гүжирдлэгийн чанартай бичиг бүхэн шүлэглээгүй л болохоос манай Ү.Хүрэлбаатарын л “зохиол” байна лээ л дээ. Бид уг нь олон жил гэмгүй сайхан явсан улс. Бөхийн төлөө үнэнчээр ажилласан, хамтран зүтгэж байсан хүмүүсээ ор үндэсгүй гүтгэх юм. МҮБХ-ноос бусад зөвхөн спортын ч гэлтгүй бүхий л ТББ нэг бол нэг улстөрчийг, нэг бол нэг баян хүнийг бараадаж амьдардаг. Манай холбоо бол ухаантай, боловсролтой, бөхийн төлөө чин сэтгэлтэй хоёр сайн тэргүүнтэй байсандаа хоосон газар бөхдөө зориулсан ордон өргөө барьж аваад, хэний ч гар харалгүй, хэний ч аманд багталгүй, ТББ-уудад жишиг үзүүлэн ажиллаж байсан байгууллага шүү дээ. Биднийг үе үеийн төр, засгийн тэргүүнүүд бүгдээрээ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн төдийгүй гурван тэргүүний маань хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шагнасан шүү дээ. Одооны төр, засгийнхан ч бас л тийм байгаа.
Г.П: - Л.Чинбатыг сонгосон гэх цуглааныг ээлжит бус Их Эе мөн юм аа гэж бодоход, Улсын дээд шүүх 403 тоот тогтоол ёсоор зөвхөн тэргүүнийг л сонгох ёстой юм. Гэтэл ЦЗ-ийг байгуулаад, даргаар нь Ү.Хүрэлбаатарыг сонгосон гээд байгаа. Энэ бол хууль бус ажил. Тэгэхээр хууль бус Ү.Хүрэлбаатар хууль бусаар олж авсан тамгыг хууль бусаар бариад түүнийгээ хүн гүжирдсэн зохиол дээрээ дараад байх нь тэр хүнд жудаг чанар гэж юу ч байхгүй л харуулж байна
-Тэр уриалгад “хууль бус бүлэглэл”, “тойрон хүрээлэгч”, “залгамжлагч”, “эдийн засгийн сонирхол бүхий этгээдүүд”, “допинг, цолны найраагаар хөлждөг бүлэглэл” гэх мэтийн үг харагдсан. Бас удирдах байгууллагын сонгуулийг нээлттэй, ил тод, шударга болгох Бөхийн өргөөгийн орлогыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно гэсэн шүү дээ. МҮБХ-ны удирдлагын үйл ажиллагаа нууц далд байсан юм уу?
Д.М: -Төр шилэн данс гэж ярихаас 10-аад жилийн өмнөөс бүх юмаа шилэн болгосон юм. Хэдэн мянган үзэгчид, нийт бөхчүүддээ олж байгаа орлого, зарж байгаа зарлагаа хэвлээд тараадаг, жил жилийн төсвөө тэргүүлэгчдээрээ батлуулдаг, сар бүрийн тэргүүлэгчдийн хурал дээр орлого, зарлагаа тайлагнадаг, улирал бүр татварын албанд тайлан балансаа тушаадаг, хөндлөнгийн аудитаар санхүүгээ шалгуулдаг, ийм л байгууллага шүү дээ. Энэ бүгдийг дотор нь 10 гаруй жил байсан Ү.Хүрэлбаатар мэдэж байгаа л даа. Тэр 10 гаруй жилдээ бидэнтэйгээ хамт одоо очиж нийлчихээд байгаа улсынхаа эсрэг тэмцээд л байсан хүн дээ. Худлаа л дүр үзүүлж байсанд нь бид итгээд байсан юм болов уу?
Монголын хянадаг, шалгадаг бүх байгууллага, бүр эдийн засгийн цагдаа хүртэл шалгасан юм. Бөхийн өргөө барих гээд өдөр шөнөгүй гүйж байхад шалгах гээд ажлыг нь саатуулах түвэгтэй байсан шүү. Гэвч шалгаж үзээд ямар ч зөрчилгүй байгааг нь тухай бүр хэвлэлээр олон нийтэд мэдээлж өгдөг нь чухал болсон. Тийм байхад л шалгалтыг аргалчихдаг улс гээд л гүжирдэнэ шүү дээ. Нэгийг аргалдаг юм гэхэд тав зургаан байгууллагын дахин давтсан 10 гаруй удаагийн шалгалтыг яаж бүгдийг нь аргалах вэ, шалгалтыг аргална гэж ер нь юу гэсэн үг вэ?
-Р.нямдорж тэргүүнийг хууль бусаар олон жил МҮБХ-г удирдсан гэх хүмүүс олон байдаг?
Д.М: Р.Нямдоржийг хууль бусаар МҮБХ-г 16 жил удирдсан гээд байдаг юм. Гэтэл үнэн нь ТББ-ын тухай хуульд “Шинээр сонгогдсон гүйцэтгэх удирдлага ажлаа хүлээж автал хуучин хүн нь ажлаа хийнэ” гээд заачихсан байдаг юм. Энэ 16 жилд хаанаас ч, ямар ч гүйцэтгэх удирдлага сонгогдоогүй болохоор энэ ажлыг чинь хаяад явчихаж болохгүй биз дээ. Тэгэхээр Р.Нямдорж 1998 онд III Их Эеэс сонгогдсон хууль ёсны тэргүүн хэвээрээ байж, ажлаа хууль ёсоор хийсэн хүн шүү.
Г.П: - Сонгуулийн тухайд манайх шиг ил тод, шударга байгууллага ч байхгүй л болов уу. Хэд хэдэн удаагийн Их Эеэр Р.Нямдоржийг бөхчүүд өөрснөө нэрийг нь дэвшүүлж, өөрсдөө сонгосоор ирсэн болохоос тэр хүн өөрийгөө дэвшүүлээд, дарангуйлаад сонгогдоод байсан юм биш. Бөхчүүд бид чинь бас ч хэрийн нэг хүнд дарангуйлуулаад суух улс биш шүү. Бид Их сургуулийн багш, эрдэм номынхоо ажлыг орхиод бидний төлөө зүтгэсэн ийм хүмүүсийг хүндэлж, хайрлаж, ийм хүмүүсээр удирдуулсандаа баярлаж явах ёстой юм. Баянаа аварга энэ талаар харин сайхан үнэн үг хэлж байна лээ.
-Бөхийн өргөө их хохирол амсаж байгаа байх. Тог дулааны мөнгө нь урсаж л байгаа байлгүй дээ?
Г.П: - Би холбооныхоо залуусаас зориуд тодрууллаа. Хавраас хойш улсын цолтой бөхийн хуваарьт барилдаан 15 удаа, нэмэлтээр орж ирэх барилдаан дөрвөөс таван удаа тасарсан байна. Энэ хэрээр бөхчүүд, үзэгчид, бөхийн өргөө хохирсон байна аа даа. Багцаагаар бодоход 50-60 удаагийн урлагийн тоглолтоо бид бас алджээ. Энэ чинь олон уран бүтээлч орлогоо алдсан гэсэн үг шүү дээ.
-Хоёр аваргын байгуулсан түр зөвлөлийн санамж бичигт шүүхийн шийдвэр аль ч талд, яаж ч гарснаас үл хамааран шинээр Их Эеэ хуралдуулж шинэ тэргүүн сонгоно гэж байсан. Энэ зөв үү?
Д.М: - Б.Бат-Эрдэнэ аварга аль тавдугаар сард “Дахин хурал хийвэл Бат-Эрдэнэ ч дэвшихгүй, би ч дэвшихгүй байя” гэсэн Л.Чинбатын саналыг хүлээж авсан юм байна лээ. Нэг шийдсэн шийдэл, тохирсон тохирооноосоо аварга буцахгүй хүн л дээ.
-Дэлгэрэнгүй, сонирхолтой ярилцлага өгсөн та хоёртоо баярлалаа.
Д.М: - Баярлалаа. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар, Билгүүн нийт бөхчүүдийн эрх ашгийг өөрсдийнхөө эрх ашгийн дээр тавихыг хүсье. Тэгвэл уг нь Монгол даяараа л баярлана даа.
Г.П: - Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар, Билгүүн гэх хувь хүмүүсийн бус, Монголын бөхчүүдийн эрх ашгийг хангасан шударга зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа дахин хэлье дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин