Таван аймагт Африкийн гахайн мялзан өвчин тархаад байна
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Дархан, Булган, Төв, Орхон, Дундговь аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин гарч, шуурхай арга хэмжээ аваад байна. Дээрх аймгуудад аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, шаардлагатай арга хэмжээг авч буй юм. Хамгийн сүүлд Африкийн гахайн мялзан өвчин Дархан сумын 2, 7 дугаар багийн 2 өрхийн гахайд илэрсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Иймд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын бүсэд устгал, ариутгал хийж, нийт 46 амьд гахайг устгаж, 14 үхсэн гахайны сэг зэмтэй нийлүүлэн зөөвөрлөж тусгайлан ухсан нүхэнд хийж булж шатаагаад байна. Уг ажлыг сумын Онцгой комиссоос үүрэг чиглэл өгч удирдлагаар ханган Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Мал эмнэлгийн газар, Дархан-Ус суваг ХК, сумын Мал эмнэлгийн тасаг зэрэг байгууллагуудаас гарсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэжээ.
Дархан, Булган, Төв, Орхон, Дундговь аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор хэсэгчлэн хорио цээрийн дэглэм тогтоож, гахай, гахайн гаралтай бүтээгдэхүүн оруулах, худалдаалахыг хориглож, амьд гахай оруулж, гарахыг бүрэн хориглоод байгаа юм.
Уг өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдварладаг цочмог халдварт өвчин. Гахайн аж ахуй эрхэлдэг иргэдийг гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна. Мөн тэжээвэр гахайг байнга хараа хяналтадаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурийн газраар бэлчээхгүй байх, гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахиж, өмссөн гутал, хувцсаа халдваргүйжүүлэхийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн зүгээс зөвлөмж гаргаад байна. Африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор аймгуудын олонх нь Онцгой комиссын шуурхай хуралдаанаа хийж, урьдчилан сэргийлэх ажил хийжээ.