Хамрын хийдийн дуулиан ба ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Зарим хэвлэлээр Дорноговь аймгийн нутагт байрлах Хамрын хийдийн ойролцоо ашигт малтмалтын лиценз олгож, түүнийг нь БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл Монголын дөрвөн шатны шүүхээс Хамрийн хийдийн ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг Хятадын "Оюу Шима" компанид зөвшөөрчээ. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.
Хятадын компанид Хамрын хийдийн дэргэд
уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг Монголын шүүх зөвшөөрчээ
-Хамрийн хийдийн ойролцоо Хятадын 100 хувь эзэмшлийн компанид ашигт малтмалын лизенз олгосон гэх мэдээлэл шуугиан тариад байна. Энэ асуудалд тайлбар өгнө үү?
-Хамрийн хийдийн ойролцоо лиценз олгодоггүй. Харин тэр компанид 2007 онд лиценз олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, одоогоос 12 жилийн өмнө гэсэн үг. Аймгийн болон сумын Засаг даргын хувьд бид ажиллуулахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би тухайн компанийнхантай уулзсан. Лицензийг нь цуцлах эсвэл өөр газарт шилжүүлэх асуудлыг хөндөж тавьсан. Энэ асуудлыг Засгийн газарт мэдүүлнэ.
-Ямар нэртэй компани билээ?
-"Оюу Шима" гэдэг нэртэй компани.
-Гэхдээ Хамрийн хийд орчим чинь тусгай хамгаалалттай газар биз дээ. Тусгай хамгаалалттай газар тусгай зөвшөөрөл олгож болдог юм уу?
-Тусгай зөвшөөрлийг 2007 онд олгосон. Харин 2014 онд аймаг тусгай хамгаалалтад авсан байдаг. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон юм билээ. Тэд Ашигт малтмал, газрын тосны газартай шүүхдэж, дөрвөн шатны шүүхээс тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн. Тэд шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ аймгийн тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа үйл ажиллагааг нь зогсоосон, ажиллуулахгүй. Харин өөр газарт тусгай зөвшөөрлийг нь шилжүүлэх зэрэг арга хэмжээг авах л бодолтой байна даа.