М.Энхболд: Намайг эхнэрийн минь хамтаар буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа
Чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Монгол Улс ардчилсан улс хэмээн дэлхий нийтэд зарласан шүү дээ. Бид хууль эрх зүйт төртэй улс. Гэтэл сүүлийн үед болж байгаа үйл явцыг хараад байхад "Хууль хэрэггүй" гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж.
Энэ бол буруу. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн тавцанд хэрхэн харагдах вэ гэдэгтэй шууд хамааралтай юм шүү. Төрийн өндөр алба хашиж байгаа, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон УИХ-ын гишүүд хууль хэрэггүй гэж ярихаа зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт М.Энхболдын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулаад ирээч гэж нэг хүн дуугарч байхад өчигдөр хууль хяналтын байгууллага дээр 60 тэрбумтай холбоотой гишүүдийг түдгэлзүүлээч гэж ярьж байх жишээний. Ер нь намайг гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа.
Н.Оюунцэцэг гэх эмэгтэй эмэгтэйчүүдтэй нийлж гэр бүлийн минь хүний эсрэг жагссан. Шаардлага тулгалт өгсөн. Эхнэрт минь тэр шаардлагыг өгөөд яах юм бэ. 20 орчим жил болж байгаа улс төрд ажиллахад эхнэр маань нэг ч удаа оролцож байгаагүй. Үүнийг энд сууж буй гишүүдийн олонхи нь мэднэ. Намайг хотын даргаар ажиллаж байхад архины зөвшөөрлийг эхнэр Туяацэцэг нь олгодог байсан гэж сүүлийн гурван хоног ярьж байна.
Үнэндээ шинэ жилээр л хотын захиргааны арга хэмжээнд дагаж ордог байсан байх. Харин жинхэнэ архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн авгай хэдэн жилийн турш өгсөн байх шүү. Андуураад байна уу эсвэл зориудаар гүтгээд байна уу. Олон нийтэд өгч байгаа мэдээллээ ор үндэстэй бодитой өгч байгаач ээ.
Мөн Ж.Батзандан гишүүнд хандаж хэдэн үг хэлмээр байна. Хамгийн том дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг байж асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү. ЖДҮ-гийн асуудлыг ярих гэхээр картаа сугалаад зугтаачихдаг. Яриа дуусангуут картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харвал тэнд байсан 7-8 хүн нааш цааш болоод асуудал үүссэн. Тэгэхэд цэнхэр ноосон малгайгаа өмсөөд Ж.Батзандан зугтаагаад алга болсон. Манай намын байрыг шаатахад цуг оролцож байсан хүн шүү дээ. Тэгсэн одоо намын минь залуустай дөрөө харшуулаад л яваа.
Аягүй бол 2020 онд МАН-аас нэр дэвшье гэж ярьж байж магадгүй л хүн шүү. Надтай нийлээд өөрийнхөө намын даргыг огцруулах санал гарын үсэг зурж явсан хүн шүү. Иймд намынхаа залууст хэлэхэд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодож нөхөрлөөрэй. 60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороо дээр яръя гэхээр чимээгүй болчихоод байгаа" гэв.
Эх сурвалж: unuudur.mn