М.Энхболд: Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь энэ Нямдоржийн авгай хэдэн жил олгосон
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр М.Энхболд дарга үг хэллээ. Тэрбээр "Бид хууль эрхзүйт орон. Сүүлийн үед хууль хэрэггүй гэдэг үгийг ярьдаг болж. Энэ бол буруу шүү. Монгол Улс дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа шүү. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс хууль хамаагүй гэж ярьж болохгүй.
Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Ер нь намайг миний гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг Оюунцэцэг гэдэг эмэгтэй жагсаж, шаардлага тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм. Миний улс төрд ажилласан хугацаанд манай гэр бүлийн хүн юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа олонх нь мэднэ.
Миний эхнэрийг М.Энхболдыг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан хүн нь Туяацэцэг гэж сүүлийн гурван хоног сошиалд ярьж байна. Шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаанд ордог байсан байх. Харин ч тэр архины зөвшөөрлийг чинь энэ Нямдоржийн авгай хэдэн жил олгосон. Андуураад байгаа юм уу, зориуд гүтгээд байгаа юм уу. Энэ олон түмэнд өгч байгаа мэдээллээ үндэстэй болгооч ээ.
Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр хамгийн түрүүнд алга болдог хүн шүү. Жижиг, дунд үйлдвэрийн тухай асуудлыг ярья гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7-8 хүн бүгдээрээ байж байгаад наануу цаануу болоход цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Ж.Батзандан гарч байгаа.
Манай намын байрыг шатаахад оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим залуучуудтай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай яриад намынхаа эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Тийм учраас манай намын гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй.
60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг олонхоороо жижиг дунд үйлдвэртэй холбогдсон гишүүдээ аваад үлдэе гэдэг шийдвэр гаргасан. Тэгчихээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйтэй байх юм бол бүгд ёс зүйтэй байх ёстой" гэв.
Эх сурвалж: Өдрийн сонин