Есөн жил царцсан эмнэлгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулах үүрэг өглөө
Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж “царцаад” байсан барилгын ажлыг үргэлжлүүлжээ. 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны 9-р сараас барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 34 хувьтай орхисон барилгын ажлыг Томо бюлдинг компани өнөөдрийн байдлаар 80 хувьтай болгожээ.
Гэрээнд зааснаар эмнэлэг энэ оны 11-р сард ашиглалтад орох ёстой ч барилгын ажил удаашралтай байгаа юм. Иймд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл холбогдох албаныхантай хуралдлаа. Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч Томо бюлдинг компани, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газруудын төлөөллүүд хуралд оролцлоо.
Эндээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. 300 ортой эмнэлгийг гэрээнд заасан хугацаанд буюу энэ оны 11-р сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээврийн ажил дууссан, Е блокын барилгын ажил бүрэн дууссан, гадна цахилгааны дэд өртөөний 3 барилгын ажил, Гипсэн тааз, шал цутгалтын ажлууд, дотор инженерийн шугам сүлжээний далд монтажны ажлууд, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажны ажлууд,гадна инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайн тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтний угсралтын ажил эхэлсэн байна. Үндсэн барилгын ажил 80 хувьтай байна.