ТОКИО. Курилын арлын өмнөд хэсгийн талаар Оростой хийх энхийн хэлэлцээрийн талаарх Японы засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хэлэлцээрийн дүнгийн талаар Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.
Токио Курилын арлын өмнөд хэсгийг Японы хууль ёсны газар нутаг гэж үзсэн хэвээр үү гэсэн асуултад Суга “Манай засгийн газрын хуульзүйн байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр” гэж хариулсан байна.
“Москва дахь уулзалт дээр талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлж, саналаа нухацтай солилцсон. Хэлэлцээрийн агуулгыг нууцлах тухай оросын талтай бид тохиролцсон” гэж тэр онцолжээ.
Японы засгийн газрын саналаар бол Курилын арлын асуудлаар нухацтай хэлэлцэж эцсийн шийдэлд хүрнэ гэж Москва, Токио хоёр үзэж байгаа хэмээн Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч үүний өмнө ТАСС агентлагт мэдэгдэж байсан юм. Даваа гарагт оросын нийслэлд болсон уулзалт ярилцлага нь Японы ерөнхий сайд Синзо Абэгийн энэ нэгдүгээр сарын 22-нд Москвад хийх айлчлал, хоёр талын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил гэж дипломат хэлжээ.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 14-нд Сингапурт болсон уулзалтаар хоёр орны тэргүүн, яриа хэлэлцээрээ эхлүүлж 1956 оны аравдугаар сарын 19-ний хамтарсан тунхгийн үндсэн дээр энхийн хэлцэлд хүрэхээр тохиролцсон юм.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Курилын өмнөд хэсэг дэх өөрийн газар нутгийн талаар хэлэлцэхийг Москва хүсэхгүй байна гэж даваа гарагт мэдэгдсэн байна.