Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллага "Итали улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жо Сон Гил сураггүй болсон" гэж мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.
Түүний Ром хотноо байх бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-нд дуусгавар болсон Пхеньян дипломатчаа нэн даруй нутагтаа ирэхийг тушаасан аж.
Харин тэрбээр уг дуудлага ирэхээс урьтаж, гэр бүлийнхээ хамтаар Элчин сайдын яамыг орхисон гэж Өмнөд Солонгосын улс төрч Ким Мин Ки мэдэгджээ.
Жо Сон Гилийг Италиас орогнол хүссэн, гэр бүл нь хамгаалалтад байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй юм. Өмнөд Солонгосын тал дээрх асуудлаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа гэв.
Италиас орогнол хүссэн эсэх талаар тус улсын Гадаад хэргийн яам "Бидэнд орогнол хүссэн гэх мэдээлэл ирээгүй" гэж мэдэгджээ.
Жо Сон Гилийг Италиас гадна гурван улсаас орогнол хүссэн гэх мэдээллийг өмнөдийн “JoongAng Ilbo" сонин анхлан нийтэд түгээсэн юм.
Жо Сон Гил 2015 оны тавдугаар сард Италид ирсэн ба 2017 оны есдүгээр сараас Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ.
Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн зэвсэг туршсантай холбогдуулан Италийн эрх баригчид тус улсын Элчин сайдыг газар нутгаасаа албадан гаргасан юм.