БНСУ-д 56 мянган гадаад ажилчин хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна
БНСУ нь дэлхийн 16 улсаас ажиллах хүч авдаг бөгөөд 2019 онд мэргэжлийн бус ажил эрхлэх Гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг өмнөх онтой адил хэмжээнд буюу 56 000 хүнд олгохоор болжээ. Дээрх ангиллын визээр тус улсад хөдөлмөр эрхлэх иргэдийн 43 мянга нь шинээр авах ажилчдын тоо бол давтан явах ажилчид 13 мянга байх юм.Давтан явах ажилчдыг үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, загас агнуурын, барилгын, үйлчилгээний салбарт ажиллуулах квоттой ажлын байр зарласан байна. “E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-д 8 сараас 9 жил хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.
БНСУ-ын Засгийн газраас тодорхой нөхцөл хангасан дотоодын компаниудаа гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгодог. 2019 онд ажилчин авах улс тус бүрийн квотыг нэгдүгээр улиралд багтаж зарлана.
Манай улсын хувьд 2018 онд хөдөлмөрийн гэрээгээр 703 иргэн БНСУ-д ажиллахаар явжээ. 2018 онд шалгалтад тэнцэж БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр шинээр бүртгүүлсэн иргэдээс 446 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.