Венец хотод нэг өдөр аялахад 11 ам.долларын татвар төлдөг боллоо
Италийн Венец хотод нэг өдрийн аяллын жуулчид 11 ам.долларын татвар төлөх гэнэ. Одоогоор тус хотод бүтэн шөнө хонох жуулчдаас татвар авдаг билээ.
Өртөг өндөр Венец хотод ирж буй жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа тул тус улсын Засгийн газар хэт ачаалалтай тэмцэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Жил бүр тус хотыг зорьж очдог 30 сая жуулчны асуудлыг шийдэх хамгийн хатуу хууль боллоо гэж шинжээчид үзэж байна. Венец хотын захирагч өөрийн твиттер хуудаснаа “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жуулчдаас татвар авах хууль хэрэгжинэ” гэж жиргэжээ.
Түүний хэлснээр, энэ шийдвэр нь хотыг зөв төлөвлөх, жуулчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх, хотыг цэвэрхэн байлгах боломжтой гэнэ. Үүний сацуу эл шинэ хууль хотын оршин суугчдын амьдрах нөхцөлийг дээшлүүлэхэд мөн ач холбогдолтой гэнэ.
Жуулчид Венецэд хэдэн өдөр аялахаас хамааран татварын хэмжээ өөр өөр байх юм.