Моддын ухаан
Ой...
Ойн захад ургасан өндөр, саглагар шилтэс модны хажууд зогсон модны орой руу ч, навчис шилмүүс рүү нь ч, тэнгэрт нүүдлэх үүлс рүү ч ширтэн бодлогоширлоо.
Гайхамшигтай!
Ямар гайхамшигтай юм!..
Хүн төрөлхтөн моддын "ухаан"-аас л суралцмаар санагдаад санаа алдлаа...
Модод хичнээн саглагар, том, хичнээн өндөр сүрлэг ургалаа ч нэг ч гишүү нь нэг ч гишүүгээ, нэг ч мөчир нь нэг ч мөчрөө, нэг ч навч нь нэг ч навчаа, нэг ч шилмүүс нь нэг ч шилмүүсээ сүүдэрлэлгүй, зай зайгаа гайхмаар "ухаан"-тай олоод ургачихаж!
Модны нэгхэн ч эс нэгхэн ч эсээ нарнаас халхлаагүй, нэг нэгнээ сүүдэрлээгүй хэрнээ нэгний нь сүүдэр нөгөөгийнхөө сүүдрээс саланги салгуу, тус тусдаа бус, зүүний сүвэгчээр нийтгэгдэж байгаа мяндсууд шиг нийлж эвлээд нэг дор, нэлэнхүй том сүүдэр болж газар дарсан харагдана.
Юухан нь ч бай, юухан нэгээсээ агаар, салхи харамлалгүй, нарны илч, гэрлийг өөр өөртөө хэрэгтэй хэмжээнээс илүү гаргахаар булаахгүй урган сүндэрлэнэ гэдэг "Амьд оршихуй"-н дээд хууль, дээд "далд ухаан" юм байна даа! гэж баярлах хүүхэдлэг гэгээн сэрэхүй ямар нэгэн шувуухай толгой, цээж рүү нисээд орчих мэт хаа нэгтээгүүр сэрхийнэ...
Моддын "ухаан", үнэнхээр л, эгэл хүмүүс бидний байтугай хүний хорвоод заларсан (номноос уншснаар минь!) Найман Их Будда, -Амитаба Цаглашгүй Гэрэлт Будда, Шагжаа Муни Будда тэргүүтэн ч хүрээ энг нь даваагүй Дээд гэгээрэл, Дээд ухаарал байх! гэж бодогдоод алгаа халуунаар хавсран залбирлаа.
Ой руу жаахан дотогшиллоо.
Өө, бас нэг ёстой гайхамшиг!
Нэг үндэснээс Хус, Шинэс хоёр хамт зэрэгцээд ургачихаж!
Хоёулаа жигтэйхэн гоолиг, өндөр, хоёулаа үзэсгэлэн, сүрлэг, хоёулаа ногоохон ногоохон навчис, шилмүүсэнд хучигдаад нэлмийчихэж!..
Нэг үндэс!
Нэг үндэст болохоор "нэгэн амь" оршихуй!
Мөнх бусыг мөнх бусаар нь айлгахуй!
Мөнх бусыг мөнхөөр тэжээхүй!..
Бурхан минь!
Модод яасан ч нууцлаг үзэсгэлэнтэй юм!
Ямар нууцлаг увдис, хүчний жанлаваар ч дээшээгээ эгц, шулуухан, юунд ч үл хоригдон, үл саатан зүтгэж тэнгэрт ойртдог юм!?
Хаа нэгтээ, энд тэнд "Газрын татах хүч"-ний дийлдэшгүй эсэргүүцлээр муруй хазгай ургасан нь тааралдлаа ч эгц, шулуун ургасантайгаа ав адил үзэсгэлэнтэй нь яасан ч атаархаж үхмээр гоё "гажиг" агаад бурханлаг гоо сайхан юм!?
Яасан ч ажиггүй, яасан ч анир чимээгүйхэн ургаж, холтос дотуураа урсаж байгаа агуу амьдралын аймшигт зовлон, эсэргүүцэл, "Хэцүү"-гийн үер, шуургыг нам гүмд хувиргаж чаддаг ч юм, Бурхан минь!..
Модод минь, модод минь, -Монголд минь ургадаг модод минь, бүгдийг тань үнсье!
Утга зохиолын доктор, яруу найрагч, сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай