Украинд тогтоосон дайны байдлын хугацаа дуусгавар болсныг мэдэгдэв
Украинд тогтоосон дайны байдлын хүчинтэй хугацаа дуусгавар болсныг тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт буюу өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
“Өнөөдөр 14:00 цагт дайны байдал дуусгавар болж байна. Энэ бол аюулгүй байдлын салбарын одоогийн нөхцөл байдлыг бий болгосон хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргасан миний зарчмын шийдвэр юм” гэж тэрбээр мэдэгдээд хугацааг нь сунгахгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрбээр иргэдийнхээ сонгох болон сонгогдох эрхийг хязгаарлахыг хүсэхгүй байгаа учир онц байдлын хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргасан аж. Украины Ерөнхийлөгчийн сонгууль төлөвлөсөн ёсоор 2019 оны гуравдугаар сарын 31-нд болно гэж Порошенко мэдэгджээ.
Дайны байдал зарласнаар улс орны батлан хамгаалах чадвар эрс сайжирсан гэж тэрбээр үзэж байна. “Цэргүүдийг дахин байрлуулах томоохон ажил хийлээ, шинэ зэвсэг, шинэчилсэн техник, хэрэгсэл нийлүүллээ, зүүн мужуудад агаарын довтолгооноос хамгаалах чадвар эрс дээшиллээ” гэж Украины Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, дайны байдал зарласан арван мужид гэмт хэргийн гаралт ердийнхөөс 26 хувиар буурсан гэдгийг мэдээлсэн байна.
Украинд 11 дүгээр сарын 26-нд арван мужид 30 хоногийн хугацаатай дайны байдал тогтоосон юм. 11 дүгээр сарын 25-нд Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбоотойгоор ийм арга хэмжээ авсан билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг