Чөлөөт бөхийн олон улсын шүүгч А.Баасанхүү нэгэн үе улсынхаа нэрийг тахалсан шилдэг шүүгчдийн нэгд тооцогдог байлаа. Түүний ах А.Басхүү “Зууны шилдэг шүүгч”-ээр шалгарч байсан, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналын эзэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Мөн төрсөн ах А.Баатархүү нь Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин цолтой бөх. А.Баасанхүү шүүгчтэй хийсэн ярилцлагаа сонирхуулъя.
-Сайхан өвөлжиж байна уу. Та сүүлийн үед нам жим байлаа. Юу амжуулж байна вэ?
-Сайхан өвөлжиж байна аа. Одоогоор гэр зуураа л, NBA-гийн сагсанд хорхойссон шиг сууна. Хамгийн сүүлд 2013 онд тэмцээн шүүсэн.
-Адуучийн хэдэн хүүхдүүд Монголд алдартай. Танайх их өнөр өтгөн айл байх аа?
-Бид эхээс арвуулаа. Хамгийн том гурав нь эмэгтэй. Араас нь зургаан хөвгүүн дараалан төрж, хамгийн отгон нь охин төрсөн юм. Би зургаан хүүгийн хамгийн бага нь. Олуулаа өсөхийн жаргал их шүү дээ. Бид хэдээс А.Басүү ах ардын багш, гавьяат дасгалжуулагч, А.Баатархүү ах гавьяат тамирчин болсон. Би бас гавьяат багш эгчтэй хүн шүү дээ. Том эгч А.Гантогтох маань гавьяат багш гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.
-Эрэгтэйчүүд нь бараг бүгдээрээ спортоор хичээллэсэн гэж сонссон?
-Тийм тийм. Анх биднийг спортод уруу татсан хүн бол том ах маань. А.Батхүү ах 1960-аад оны сүүлчээс чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Ховдоос хотод ирж тэмцээнд оролцдог байлаа. Нэг удаа бүр УАШТ-д дөрөвдүгээр байрт орсон шүү. Ахын энэ амжилт бидэнд нөлөөлсөн үү, дараахан нь А.Басхүү ах, А.Баатархүү ах чөлөөтөөр хичээллэж эхэлсэн юм. Харин би есдүгээр ангидаа дугуйланд орж, чөлөөт бөхөөр хоёр, гурван жил хичээллэсэн.
-Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Манай аав Доржийн адуучийг баруун аймгийнхан сайн мэднэ. Хоёр дайнд оролцсон, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдсон хүн. Халх голын дайнд Л.Дандар баатрын морьт дивизийн 17 дугаар морьт хорооны комиссар байсан юм. Ээж маань бас халх голын дайнд сувилагчаар оролцож байсан юм билээ. 1940-өөд онд баруун хязгаарын нөхцөл байдал муудахад аав морьт дивизийн хамт тийш очиж байсан. Аав маань урт насалж, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан явахыг үзсэн. Харин ээж маань харьцангуй эрт өнгөрсөн дөө.
-Чөлөөт бөхийн юунд тэгтлээ татагдсан юм бэ?
-Ер нь бөхийн төрлийн спортуудаас хамгийн хүнд нь чөлөөт бөх. Бусад барилдааныг бодвол барьцгүй. Чөлөөт бөхийн хажууд самбо, жүдо бол монгол хүнд илүү тохиромжтой байдаг. Дээхнэ үед монголчууд бөхийн спортыг л сонирхон үздэг байлаа. Харин одоо бол зөвхөн монгол гэлтгүй дэлхий дахинд үзэж, сонирхдог спортын төрөл нэмэгдсэн.
-Тамирчин байсан хүн шүүгч хийхээр болсон нь А.Басхүү ахын нөлөө байв уу?
-Яг ч тийм биш ээ. Би санамсаргүй тохиолдлоор шүүгч болсон хүн. А.Баатархүү ах гэмтсэний дараа дасгалжуулагчийн албанд шилжиж, “хоршоолол” нийгэмлэгт ажиллаж эхэлсэн юм. Би нэг удаа “хоршоолол”-д яваад очтол тэмцээн болж байна. Ах алга. Дэвжээн дээр хоёр хүүхэд гарчихсан, шүүх хүн байдаггүй. Гэтэл тэмцээнийг ахлан явуулж байсан олон улсын шүүгч Чойнхор гуай “Чи нааш ир, дэвжээн дээр гар” гэлээ. “Би чадахгүй ээ” гэсэн чинь “Битгий маяглаад бай. Чадалгүй яадаг юм” гээд нэг шүгэл бариулаад хүчээр шахуу дэвжээн дээр гаргачихлаа. Би ер нь тэмцээн үзэх дуртай, шүүгч нарын зөв, бурууг их хардаг байсан юм. Тийм болохоор шүүхэд нэг их хүндрэл гараагүй байх. Өнөөх барилдааныг дуусгаад, дараагийнхыг нь бас шүүлээ. Дараа нь Чойнхор гуай “харин ч дажгүй шүүлээ. ёстой болж байна” гэж магтсан. Энэ үеэс л шүүж эхэлсэн дээ.
-Тэр үед та барилдахаа больчихсон байсан уу?
-Би 20-хон настайдаа барилдахаа больсон шүү дээ. Тархи толгой өвддөг байсан юм. Аравдугаар ангиа төгсөөд Цэргийн ерөнхий сургуульд орсон юм. Тухайн үед шинэ дайчдын армийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог байлаа. Би тэр барилдаанд түрүүлсэн удаатай. Би өөрөө нэг их яриад байдаггүй болохоос цэргийн начин цол авсан хүн шүү. Улсын начин Б.Хүрэлбаатар, Төмөрбаатар зэрэг бөхчүүдийг хаяж байлаа. Одоо тэдэнтэй наргиа болгоод “Би та нарыг хаяж байсан шүү” гэж ярьдаг юм.
Зарим үед дэвжээн дээр гараад шүүхэд өөрөөрөө бахархах үе байсан
-Мэдээж барилддаг хүн бүр шүүгч болчихгүй байх. Шүүгч хүн ямар байх ёстой юм бэ?
-Шүүгч гэж тухайн барилдааныг хамгийн шударгаар дэнсэлдэг хүн гэсэн үг. Ер нь аль ч спортын төрлийн шүүгч хүн авьяас, мэдрэмжтэй байх ёстой. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлээсээ ханддаг байх. Шүүгч хүн өсвөрийн тэмцээнд үнэн сэтгэлээсээ ажиллах ёстой. Яагаад гэвэл, тэнд ирээдүйн мундаг бөхчүүд өрсөлддөг юм. Хэрэв хэн нэг нь буруу шүүвэл нөгөө хүүхэд сэтгэл санаагаар унаж, спортоо орхих аюултай. Бас шүүгч хүнд сэтгэл санаа хоёрдох гэж айхтар юм бий. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн нөлөөнд автах. Хөндлөнгийн нөлөөнд автсан хүн тухайн барилдааныг бодитой шүүнэ гэдэг хэцүү. Алдаа гаргах магадлал өндөр. Тиймээс зөвхөн улаан, хөх гэсэн хоёр өнгийг толгойндоо тогтоогоод шударгаар шүүх хэрэгтэй. “Тэрний багш нь миний найз, энэ манай нутаг ус” гэж бодоод байвал шударга шийдвэр гаргаж чаддаггүй. Би энэ л зарчмыг гол болгон ажиллахыг хичээж ирсэн. 1990-ээд оны дундуур чөлөөтийн УАШТ асар өрсөлдөөнтэй болдог байлаа. Хоорондоо маргах явдал зөндөө гарна. Тэгэхэд Баянаа аварга хүрч ирээд “Наад шүүгчээ буулга. Би Баасанхүүгээр шүүлгэнэ” гэдэг байв. Энэ бол надад итгэж байгаагийн л хэлбэр. Хамт олны итгэлийг мэдэрнэ гэдэг сайхан шүү дээ. үүнийг дааж явах нь л чухал.
-Та 1990-ээд оны хүнд хэцүү үед шүүгчээр ажилласан хүн. Нөхцөл байдал ямархуу байв. Цалин хангамж нь хүрэлцэх үү?
-Хэцүү шүү. Холбоо мөнгөгүй, төр нь ч мөнгөгүй. Тамирчид нь бэлтгэлээсээ гадуур зардлаа хайгаад явж өгнө. Шүүгч нарын хувьд бүр ч хэцүү. Гэхдээ ах нь тухайн үед ганзагын наймаа хөөж, тав гурван цаастай болсон юм. Тиймээс зардал мөнгөө өөрөө гаргаад тэмцээн шүүх гээд явчихдаг байсан даа.
-Чөлөөтийн орооцолдсон гэмээр барилдааныг шүүхэд хэцүү юм шиг санагддаг. Тиймээс чөлөөтийн шүүгч бусад спортын шүүгчээс илүү гярхай байх ёстой юу?
-Яг үнэн. Мэхний үйл явц асар богино хугацаанд болж байгаа. Хэрэв тэр үед санаа хоёрдсон байвал ялгаж салгана гэж байхгүй. Ер нь мэдрэмж их чухал даа. Үнэнийг хэлэхэд зарим үед дэвжээн дээр гараад шүүхэд өөрөөрөө бахархах үе байна. Ялангуяа айхтар гоё барилдааныг үнэн шударгаар шүүчихээд бууж ирэхэд хүмүүс баяр хүргээд сайхан байдаг юм. Ийм үед огшоод л ирнэ. Хийсэн ажлаасаа кайф авч байгаа нь тэр.
-Яг ийм барилдааныхаа талаар дурсвал?
-2006 оны ДАШТ санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд оросын бөхийн барилдаан дээр би хажуугийн шүүгчээр ажилласан юм. Ер нь дэвжээний шүүгч барилдааныг удирдаж, хажуугийн шүүгч түүнд хөтлөгдөх ёстой. Хамгийн гол нь тэр үед дүрэм өөрчлөгдөөд удаагүй байв. Гэтэл нэг мэхний үеэр дэвжээний шүүгч нөгөө бөхөд оноо заахад ахлах шүүгч бас дагалаа. Надад болохоор эсрэгээрээ нөгөө бөхийн оноо гэж санагдсан. Тэгэнгүүт цагаан тугаа өргөөд эсэргүүцсэн. Шүүгч барилдааныг зогсоохгүй болохоор босож зогсоод өргөлөө. FILA-гийн том шүүгч нар тухайн үед “Тэнд ямар юм суулгачихсан юм бэ. Наад нэг юм чинь яагаад байгаа юм” гэж уурласан гэсэн. Гэтэл FILA-гийн нэг том дарга бууж ирээд тэрүүгээр нэг бөөн юм боллоо. Би ч дотроо “Одоо баларсаан. Дэвжээний шүүгчийг дагадаг л байж. Яах гэж туг өргөв өө” гэсэн шүү юм бодож байв. Хөлс чийхраад сууж байтал өнөөх том дарга нөгөө хэдийгээ загнаад байгаа харагдана. Тэгснээ оноог минийхээр өгөхөөр болсон. Тэр үед л өөрөөрөө их бахархаж билээ. Үүний ачаар ч юм уу, яг тэр ДАШТ-д сонгомол барилдааны 82 кг-ын алтан медалийн барилдааныг надаар шүүлгүүлж байв.
-Шүүхэд урамтай, уран гоё барилдаантай бөхөөр хэнийг нэрлэх вэ?
-Монголдоо гэвэл Дугарсүрэнгийн Оюунболд гэж гайхамшигтай бөхийн барилдааныг харах, шүүх дуртай байлаа. Энэ бөх шүүгчийн ур чадвар шалгасан, үнэлгээ зөв өгөх олон элементийн мэх хийдэг байв. Гэвч сүүлийн үед бөхийн
-Шүүгч хүн тамирчдынхаа амжилтыг хамгаалахын тулд бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр зэрэглэлийн ур чадвартай, ажилдаа үнэнч ханддаг байх ёстой. Хэрэв би бусдын барилдааныг шударга шүүвэл тэд эргээд шударга шүүдэг юм. Харин аль нэг орны бөхийг илт луйвардчихвал нөгөө орны шүүгч нь манайханд сайхан хандахгүй нь тодорхой шүү дээ. Хэзээ нэгэн цагт хариугаа авахыг бодно. Иймэрхүү тохиолдол одоо ч гарч байгаа. Өнгөрсөн риогийн олимп үүний нэг жишээ л байхгүй юу. Үнэнийг хэлэхэд залуу насанд бусдад тусалсан ганц нэг тохиолдол байсан. Гэхдээ улайм цайм луйвар хийхгүй нь тодорхой. Дүрмийн цоорхойг ашиглаж торгууль өгөх, бага оноо заах юман дээр олон оноо заах тохиолдол байна аа.
-Риогийн олимпод Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан дуулиан дэгдээж, манай дасгалжуулагч нар хувцсаа тайлж шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайн үеийн шүүлтийн талаар таны бодлыг сонирхмоор байна.
-Үнэнийг хэлэхэд муухан хоточ нохойтой айлын хотруу чоно ороод ирсэнтэй адилхан л юм болсон доо. Тамирчид, дасгалжуулагч нар эзэнгүйдэж үлдсэн юм шиг санагдсан. Хэрэв тухайн үед Монгол Улс нэр хүндтэй, бусдад нөлөөлөхүйц шүүгчтэй байсан бол манай тамирчны амжилтыг луйвардахгүй л байхгүй юу. Манай дасгалжуулагч нарын үйлдэл бүдүүлэг санагдсан. Гэхдээ шүүлт үнэхээр шударга биш байсан болохоор тэгтлээ бухимдахад хүрсэн байх. Эцэст нь тамирчин амжилтаараа хохироод үлдэж байгаа нь харамсалтай. Тэр барилдааныг шүүсэн гурван шүүгчийг би сайн танина. Гурвуулаа тэтгэвэрт гарах гэж байсан болохоор нэгэнт алдах зүйлгүй болсон байв. Ер нь бусдад хамгийн их хахууль өгдөг, хамгийн их луйварддаг улс бол Өмнөд Солонгос. Сүүлийн үед тамирчдыг хохироож буруу шүүдэг, луйвар хийдэг, мафижсан улс гэвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн хэдэн орон байна. Тэд Дэлхийн бөхийн холбоонд өөрсдийн шүүгч нараа чихчихсэн. Чи бод доо, тивийн аварга, дэлхийн аваргад харагдаагүй “битүү” шүүгч нар олимпод очоод шүүж байна. Ялангуяа сүүлийн гурван олимпод. Харин Америк, Япон, Швейцар, Герман зэрэг орны шүүгч нар маш өндөр зэрэглэлийн, ёс зүйтэй байдаг юм шүү.
-Та олимпоос бусад бүх том тэмцээнийг шүүжээ. Олимпод яагаад шүгэл үлээгээгүй юм бэ?
-Ах нь 1992 онд олон улсын шүүгч болсон. 1997 онд анхны ДАШТ-ээ шүүж байлаа. Нийтдээ найман ДАШТ шүүсэн. Шүүчих байх гэж горьдоод дөрвөн ч олимпийг өнгөрөөсөн дөө. Өөрийн ур чадвар, мөнчгөрөөрөө дуудагдах гээд яваад байсан юм. Гэтэл тийм биш юм билээ. Би түрүүн хэлсэн дээ, “битүү” юм орж ирээд олимп шүүчихдэг гэж. Олимпод 60 орчим шүүгч ажилладаг. Үүнээс 30-ийг нь ёс зүй өндөртэй, бөх өндөр хөгжсөн орны шүүгч нараас сонгоно. Дараагийн 30-ийг нь бол бүгдийг нь хахуулиар сонгодог болсон. Шүүгчийн зөвлөл хариуцсан нөлөө бүхий хүмүүс шүүгч нараас мөнгө авдаг нь ил болсон зүйл. Харин би энэ мөнгийг нь төлж, өөрийгөө хуурахыг хүсээгүй юм. Энд тэндээс мөнгө цуглуулаад явлаа гэж бодъё. Гэвч дараа нь хүүхдүүдээсээ ичнэ шүү дээ. Хүүхдүүдийнхээ хоолны мөнгөнөөс хумсалчихаад яаж тэдний царайг харах юм бэ. Анх Сиднейн олимпийн үеэр таван мянган доллар байсан нь сүүлдээ 10 мянга болсон гэж сонссон. Манайд ч гэсэн ДАШТ шүүж үзээгүй хүмүүс олимп шүүсэн тохиолдол сүүлийн үед гарсан шүү дээ.
-Чөлөөтийн дүрэм үеийн үед өөрчлөгдсөөр ирсэн. Таны бодлоор аль үеийн дүрэм хамгийн таалагддаг байв?
-Манай З.Ойдов, Д.Оюунболд, А.Баатархүү ах нарын барилдаж байх үеийн цаг нь урт, хүний хамаг тамирыг шалгасан дүрэм сайхан байж дээ. Их сонирхолтой, мэхний үзүүлэлт олонтой барилдаан гардаг байв. Харин сүүлдээ цаг нь богиносч, барилдааны нягтаршил ихсэхийн хэрээр бөхчүүд богино хугацаанд тоотой хэдхэн мэхээр оноо авч, хамгаалах тактикт шилждэг болсон. Сүүлдээ оноо авалцахгүй болохоор бөхчүүдийг хүчээр хэвтүүлж, хэвтээ байдлаас барилдуулдаг болсон нь манай бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлсөн дөө. Ялангуяа О.Пүрэвбаатар энэ дүрмийн золиос болсон хүн. Манай хүн ерөөсөө л босоогоос барилддаг, дайрч унагаад дуусгадаг хүн шүү дээ. Үндэсний бөхтэй зүйрлэвэл жижиг Бат-Эрдэнэ гэсэн үг. Гэтэл шүүгч хэвтүүлчихдэг. Тэгээд ард нь гарсан бөхчүүд давуу байдал олоод авчихна. Энэ дүрээс болж агуу А.Карелин хүртэл ялагдсан шүү дээ. Сүүлдээ “Энэ дүрэм болохгүй байна” гээд өөрчилсөн ч энэ нь О.Пүрэвбаатарын харьж байгаа үетэй таарсан. Хэрэв бөхчүүдийг хүчээр хэвтүүлдэггүй байсан бол О.Пүрэвбаатар ДАШТ-ээс 3-4 медаль авч, олимпийн медальтан болчих байсан гэж боддог.
-Та ярилцлагын эхэнд биеийн байдлаас болоод гэртээ сууж байгаа гэсэн. Бие тань одоо ямархуу байна вэ?
-Би багадаа гэмтэж бэртсэнээс болоод хүнд ачаалал авахад зовиур илэрдэг байсан юм. Нэг хэсэг овоо гайгүй байв. Гэтэл 2010 онд үзүүлсэн чинь хавдартай болсон байна гэсэн. Монголынхоо гайгүй гэсэн бүх л эмчид үзүүллээ. 3-4 сарын настай гэж байна. Ах, эгч нар уйлж хайлаад бөөн юм болсон. Хятад, Тайланд гээд хэд хэдэн газарт очиж үзүүлсэн. Эмчилгээ хийлгэж, тордоод байвал хэдэн жил болох байх гэсэн. Тэр үеэс хойш ямар ч гэсэн найман жил амьдарчихлаа. Дажгүй л байна.
-Сайхан ярилцсанд баярлалаа.