Тайландын парламент эмнэлгийн зориулалтаар марихуан хэрэглэхийг зөвшөөрлөө
Тайландын парламент өчигдөр хуралдаж эмнэлгийн хэрэгцээнд марихуан хэрэглэхийг зөвшөөрлөө. Үндэсний зөвлөлдөх ассамблейн 166 гишүүн зөвшөөрснөөр ийнхүү марихуаныг эмнэлгийн хэрэгцээнд зөвшөөрчээ. Тодруулбал тархины гаралтай бүх өвчлөл, сэтгэцийн гаралтай өвчлөл, ходоод болон түрүү булчирхай, гурав дахь шатнаас дээш бүх төрлийн хавдар, нүдний даралт зэрэг өвчлөлд марихуан хэрэглэх аж.
Ингэснээр марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн Зүүн өмнөд Азийн анхны улс болж байгаа юм. Гэвч хяналтын тогтолцоог улам эрчимжүүлж, хууль бусаар марихуан, хар тамхи борлуулдаг бүлэглэлүүдтэй хатуу тэмцэнэ гэж Тайландын улстөрчид мэдэгджээ. Тайланд улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмнэлгийн зориулалтаар марихуан хэрэглэх асуудлаар мэтгэлцэж, улс төрийн намууд хоёр хуваагдаад байсан билээ.