С.Тэнгэрийг Бүх Хятадын ”Алтан хоолойт дуучин”-аар нэрлэжээ
Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр бүх Хятадын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрын эзэн болжээ. Тэрбээр тус шагналыг Хятадын нэгэн үеийн их удирдагч Дэн Сяо Пиний өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр хүртсэн байна.
Дуучин С.Тэнгэр БНХАУ-ын Үндэсний дуу, бүжгийн хүрээлэнгийн даргын алба ажлыг хашдаг бөгөөд1989 онд анх Бүх Хятадын эстратын дууны шилдэг дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлж байжээ. Түүний "Аав бид хоёр" дуу нь 1991 онд Азийн хөгжмийн наадмын үеэр Хятадын уран бүтээлийн дээд шагнал хүртэж байсан. 1994 онд түүний тоглосон "Ганган хар морь" кино олны хүртээл болсноор нэр алдарт хүрэх эхлэлийг нь тавьсан гэдэг. С.Тэнгэрийн дуулсан олон сайхан уран бүтээл ард түмний сэтгэлийг баясгаж, хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн билээ.