Герман улсад хар нүүрсний сүүлчийн уурхай хаалга барьж, нэгэн цагт тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр байсан 200 хилийн түүхтэй нүүрсний салбар гаднын хямд өрсөлдөгчийн эсрэг тулаанд ялагдал хүлээлээ.
Prosper-Haniel уурхайн 1500 ажилчид сүүлийн удаа уурхайн гүнээс хар алтны дээж авч, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт гардуулав. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Европын комиссын дарга Жан-Клауд Юнкер оролцов.
Зургаан үеийн уурхайчдын хөдөлмөрийн үр дүн болох 150 жилийн настай гүний уурхайг агаарын бохирдлын асуудал бус, харин импортын хямд түлш ийнхүү ёслол төгөлдөр байдлаар үүдээ үүрд хаахад хүргэжээ.
Германы Рур мужийн уурхайчдын дундаас гаралтай Бундэслигийн клубууд Prosper-Haniel уурхай болон уурхайчдад хүндэтгэл үзүүлэн тоглолт хийж, хоёр мянган уурхайчдыг урьсан байна.
Уурхайн талбайд нөхөн сэргээх ажил ойрын хэдэн жил үргэлжлэх юм байна.
Герман улс хар нүүрсний сүүлчийн уурхайгаа хаасан нь нүүрснээс бүр мөсөн татгалзсан гэсэн үг биш юм. Чулуужсан түлш эрчим хүчний эх үүсвэрийн 40 хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа ба тус улсад хүрэн нүүрсний олон тооны ил уурхай үйл ажиллагаагаа явуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүднээс Герман улс 2050 он гэхэд нүүрс төрөгчгүй орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд ХБНГУ-ын засгийн газраас томилогдсон комисс нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзах төлөвлөгөөг ирэх жилийн хоёрдугаар сард танилцуулахаар төлөвлөөд байна.