Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медалийг хүртсэн дэлхийн рекордыг эвдсэн ой В.Янжмаа тэмцээний талаар сэтгэл дундуур байгаа илэрхийлжээ. Тэрбээр, таван минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекордыг эвдсэн боловч тэмцээн зохион байгуулагчдын зүгээс гадуурхалт явагдсан гэдгийг дурджээ.
“Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо нэрийн өмнөөс оролцож мөнгөн медаль авлаа. Таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоолоо. Харамсалтай нь саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү "алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Учир нь: Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй.
Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна. Жишээлбэл "хуудсаа нэг секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин "мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.
Тэдний зурагт хуудаснууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд хоёр зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндэслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй” гэжээ