Эх нутаг руугаа явах эрхгүй болсон өвгөн даргатай таарсан түүх
Монголын элчин сайдын яамны үүдэнд хэзээний танил буурал өвгөн сууж байгаа харагдав. Дөхөөд очтол Цэдэнбал дарга байна. Сайн байна уу? Та юу хийж сууна вэ гэж асуутал -Элчин сайдын яамны нэг хүнтэй уулзах гээд хүлээж байна.
Гарч ирэхгүй 2 цаг боллоо гэв. Ямар хэргээр уулзах гэж байгаа юм бэ та, шууд яваад орооч гэтэл -Намайг оруулахгүй байна. Тэр хүнд миний паспорт байгаа сурагтай. Паспортоо авчихвал нутаг буцна гэж сөөнгөтсөн бөгөөд чичигнэсэн хоолойгоор хариулав. ЭСЯ -руу яваад ортол даргын хүлээж байгаа хүн нь арын хаалгаар зугтсаныг нь мэдлээ.
Ийнхүү нэгэнт зугтсан хүнийг буурал дарга маань хоёр цаг гаруй хүлээсэн байж л дээ. Би ЭСЯ-нд ороод нилээн удлаа. Цаг гаран болсон байх. Тэгээд гараад иртэл дарга сууж л байлаа. Таны нөгөө хүн чинь ирэхгүй бололтой, та эртхэн буцахгүй юу даа гэтэл дарга: -Уулзах ёстой, надтай уулзана гэсэн юм гэж хэлэв.
Нутаг буцах хүслээ барьж ядан тарчилсан Монголын удирдагч Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүйгээр, өөрөөс нь зугтсан тэр хүнийг хүлээж байгаа дүр зураг хэзээ ч мартагдахгүйгээр ой тойнд минь үлдсэн юм. Москвагийн бүрсгэр тэнгэрийн дор гудамжны сандал дээр эх нутаг руугаа тэмүүлсэн өвгөн даргын дүр төрх...
МУСГЗ, нэвтрүүлэгч Г.ЧУЛУУНБАТ