Н.Цэдэнбал: Монголын хөлбөмбөгчид футзалын тоглолтоор илүү амжилт гаргах боломжтой
Монголын хөлбөмбөгийн холбооныхон оны шилдгүүдээ тодруулсан бөгөөд “Шилдэг эрэгтэй хөлбөмбөгч”-өөр тодорсон Н.ЦЭДЭНБАЛТАЙ ярилцлаа. “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч тэрбээр 20 дахь жилдээ хөлбөмбөгөөр хичээллэж байгаа юм.
-2018 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж байна. Үүнийг энэ удаагийн шагнал батлах шиг боллоо?
-Энэ он миний хувьд амжилт, ололтоор дүүрэн жил байлаа. Оны эхнээс “Супер цом”-д аваргалж, “Холбооны цом”-ын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд хэсгээсээ нэгээр гарч, “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарлаа. Тоглолтын хоёрдугаар шатанд Тайванийг зорьж, боломжийн хэмжээнд тоглосон. Эдгээр амжилтаа үнэлүүлж, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсондоо баяртай байна.
-Та хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбоод хорин жил болжээ. Анх хөлбөмбөгөөр хичээллэсэн түүхээ дурсвал?
-Би Төмөр замын хүүхэд л дээ. XX сургуулийн. шороон талбай дээр анх хөлбөмбөг тоглосон. Арван жилийн сургуулиа төгсөөд “Улаанбаатар" дээд сургуульд элсч, энэ сургуулийнхан хөлбөмбөгийн спортод их элэгтэй нь надад их тус болсон. Тэр үеэс л би мэргэжлийн хөлбөмбөгчин болох гараагаа эхлүүлсэн. “Улаанбаатар” дээд сургуульд элсээд 2006 оноос Үндэсний дээд лигт орж, сургуулиа төгсөөд өнгөрсөн жилээс “Улаанбаатар сити” багтай гэрээ хийж, тамирчин нь боллоо.
-Манай орны нөхцөлд тамирчин хүн ажил хийхгүйгээр дан ганц спортод анхаараад явах амаргүй. Танд ч гэсэн ийм бэрхшээл тулгарч байсан болов уу?
-Мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд сурахын хажуугаар бэлтгэлээ хангах амаргүй. Гэхдээ би азтай. “Улаанбаатар” дээд сургуулиас тэмцээн уралдаанд оролцохоор явахад надад чөлөө өгч дэмждэг байлаа. Сургуулиа төгсөөд Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байхад цаг заваа зохицуулах гээд амаргүй л байсан. Олон улсын тэмцээнд оролцохдоо сарын өмнө урьдчилан мэдэгдэж, чөлөө авна. Ингэж явсаар өнгөрсөн жилээс “Улаанбаатар сити” клубийнхэнтэй гэрээ хийснээр зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулах боломж бүрдсэн. Ер нь өнгөрсөн жилээс мэргэжлийн хөлбөмбөгчид багахан цалин авч эхэлсэн.
Хөрөнгө мөнгө зарцуулж тамирчнаа анхаарсан спорт илүү хөгждөгийг бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд харлаа. Үүн дээр бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоог нь хангаад өгөхөөр тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарч байна?
-Тийм ээ.
Хоёр жилийн өмнөөс Монголын хөлбөмбөгт томоохон ивээн тэтгэгч нар гарч ирсэн. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын бүрэлдэхүүнд гурван жилийн өмнө өөрчлөлт орууллаа. Энэ бүхэн Монголын хөлбөмбөгийн спортын уур амьсгал, хөгжилд нөлөөлж, шинэ шатанд гаргахад тус дөхөм болсон гэж би хувьдаа боддог. Өмнө нь бид бүхий л зүйлд бор зүрхээрээ явдаг байлаа шүү дээ. Тэр үед амжилт үзүүлэхэд хэцүү байсан. Хоёр жилийн өмнөөс энэ байдал өөрчлөгдсөнийг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн харуулсан гэж бодож байна.
-Энэ тэмцээний эхний шатанд та чухал оноог багтаа авчирсан шүү дээ?
-Тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан нь бидэнд маш том давуу тал боллоо. Бид эхний тоглолтоо Макаогийн шигшээтэй хийж, 4:1-ээр хожсон. Дарань Марианы арлуудын багтай тоглож, 9:0-ээр ялсан. Гурав дахь тоглолтод Гуамын шигшээтэй тэнцэх эсвэл хожсон тохиолдолд дараагийн шатанд гарах байсан ч тоглолтын 89 дэх минутад би алдаа гаргаснаас гоол алдсан. Тухайн үед надад маш хэцүү байсан ч цаг дуустал бүх чадлаа дайчилж, тоглолтын оноог эргүүлье гэж хичээснээр дөрвөн минутын дараа надад алдаагаа засах боломж олдож, гоол хийсэн. Тэр үед бүх зүйлийг байранд нь оруулсан мэт мэдрэмж төрсөн.
-Манай футзалынхан тивдээ чансаагаараа тавдугаарт жагслаа. Энэ нь бидэнд илүү их нөөц бололцоо байгааг харуулж байна бус уу?
-Би монгол хөлбөмбөгчдөө гадаа талбайн гэхээсээ илүү футзалын тоглолтоор амжилт гаргах бололцоотой гэж боддог. Одоо манай хөлбөмбөгчид гадаа талбайн болон футзалын тоглолтыг хослуулаад байна. Гэтэл үүнийг олон улсад хоёр өөр төрөл хэмээн тусад нь хөгжүүлдэг. Ирэх жил холбооны зүгээс энэ хоёрыг тусад нь авч үзэх гэж байгаа гэсэн. Тэгвэл илүү амжилтад хүрнэ гэж би хувьдаа итгэж байна.
-Манай хөлбөмбөгчид өөрийн гэсэн цэнгэлдэх хүрээлэнтэй болж байна. Энэ нь олон улсын тоглолтыг эх орондоо авах болон бэлтгэл сургуулилтаа хийхэд тус дөхөм болох байх?
-Тэгэлгүй яах вэ. Үүнээс гадна сэтгүүлчид хөлбөмбөгийн талаар мэдээлж, томоохон ивээн тэтгэгчид хөлбөмбөгийн спортыг сонирхох хүрээ тэлж байна. Хүүхэд залуус ч хөлбөмбөгийн спортоор хичээллэх хүсэлтэй болсон нь олон зүйлээс харагдаж байна. Ингэснээр монгол хөлбөмбөгчид олширч, тэр хэрээрээ өрсөлдөөн бий болно шүү дээ.
-Таны харьяалагддаг “Улаанбаатар сити” клуб хэчнээн тамирчинтай байна вэ?
-“Улаанбаатар сити” клубийг үүсгэн байгуулаад гурван жил өнгөрчээ. Одоо бид заалны тэмцээнийхээ бэлтгэлийг базаагаад эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэд манайх битүү заалтай болсон. Ирэх гуравдугаар сард гадаад дасгалжуулагч ирж, гадаа талбайн бэлтгэлдээ орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Өвлийн улиралд гадаа талбайд бэлтгэл хийх боломжгүй нь та бүхний амжилтад сөргөөр нөлөөлдөг байх?
-Монголын цаг уураас шалтгаалан өөрчилж болохгүй хүчин зүйлсийн нэг бол энэ яахын аргагүй мөн. Азийн орнуудын баг тамирчид жилийн дөрвөн улиралд гадаа талбайд бэлтгэлээ базааж байна. Манайд жилийн зургаан сард л гадаа талбайд бэлтгэл хийх боломжтой байдаг юм. Үүнийг битүү цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулаад шийдэж болно. Саяхан Монголын хөлбөмбөгийн холбоо Төв аймагт бэлтгэлийн бааз барьсан. Удахгүй тэр баазыг битүү болгох болов уу гэж найдаж харж байна.
-Та яриандаа гадаад дасгалжуулагчийн талаар дурдлаа?
-Тийм ээ. Бид гадаад дасгалжуулагчаас маш их зүйл сурдаг. Манай үндэсний шигшээ баг герман дасгалжуулагчтай. Энэ хүн бидэнд их зүйл зааж байгаа.
-Ирэх онд ямар тэмцээн уралдаанд хүлээж байгаа талаар асуугаад яриагаа өндөрлөе.
-Монголын үндэсний шигшээ баг он гаргаад Катарыг зорьж бэлтгэл хийнэ. Гуравдугаар сард олон улсын нөхөрсөг тоглолтод оролцоно. Ирэх зургаадугаар сараас дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт эхэлнэ. Бид тэр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин