Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв.
Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -20 С-25 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа. Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна
Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна.
Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв.
Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа.
Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.