Тайванийн Тайпeй хотноо зохион байгуулсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн ахиулж, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна.
Тэрбээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч цолтой тамирчин юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар байрт, эмэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.