ЭХЭМҮТ дэлхийн стандартад нийцсэн ортой тул тусламж хэрэггүй
“...Монголын төрөх эмнэлэгүүдийн амаржих тасагт байрлах орнууд мал нядалгааны өрөө шиг санагддаг...” гэх утга бүхий агуулгатай сэтгэгдлийг ээжүүд цахим хуудсаар хуваалцаж, санал нэгддэг. Үүнтэй уялдуулан цахим сүлжээнд нэгдсэн аавуудын группээс “Энх амаржихуй” эх хүүхдийг оржуулах аяныг эхлүүлж, хандивын данс нээгээд байгаа.
Тэгвэл Улсын хэмжээнд эх, хүүхдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-д энэхүү хандив, тусламж хэрэггүй. Тус төв нь дэлхийн стандартад нийцсэн төрөх тасаг, орон дээр эмэгтэйчүүдийг амаржуулж буй гэдгийг тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэллээ.
Тэрбээр “Манай эмнэлэг техник технологийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн. Үүнийгээ бид ард иргэддээ сайн ойлгуулж чаддаггүй юм шиг байна. Тухайлбал “Аавуудын групп”-ээс санаачлан төрөх эмнэлгийг оржуулах аяныг эхлүүлээд хандивын данс хүртэл нээсэн байна. ЭХЭМҮТ нэгэн зэрэг 12 эхийг амаржуулах хүчин чадалтай. Төрөх, амаржих найман өрөө байгаа. Бүгд засвар шинэчлэлт хийгдсэн, тохь тухтай орчин нөхцлөөр хангагдсан. Энэ төрөх өрөөнууд Герман улсын брэндийн 14 янзаар төрөлтийн явцад байрлалыг өөрчилдөг ортой.
Хамгийн сүүлийн ор суурьлагдаад хоёр жил болж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад яг ийм л амаржих орон дээр эхчүүд нь амарждаг. Амаржих өрөөний ор муу гээд янз бүрийн зураг, дүрс тавиад хандивын аяныг эхлүүлээд байна. Манай төвд хандив, туслалцаа хэрэггүй шүү гэдгийг хэлчихье. Манай төвийн ор болон бусад хангамж бүгд стандартыг хангаж байгаа. Төрөх ор хамгийн сүүлийн үеийн Монгол Улсад өөр эмнэлэгт байхгүй орнууд байгаа. Би үүнийг л хэлмээр байна” гэсэн юм.
ЭХЭМҮТ-д амаржих 26 настай эмэгтэй эмнэлгийн гадна төрсөн бөгөөд эх, нярайн бие маш сайн байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Гэвч Эрүүл мэндийн яамны эмнэлгийн ёс зүйн хорооноос тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдээс үйл явцыг тодруулах ажлыг хийж байгаа бөгөөд үүний дараа хариуцлагын асуудал яригдах аж. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө гэдэгээ өчигдөр /2018.12.05/ мэдэгдсэн.