Францын эрх баригчид улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж буйтай холбоотойгоор шатахууны татварыг нэмэгдүүлэх арга хэмжээг хагас жилээр хойшлуулжээ. Өнгөрсөн бямба гарагт Парис хотод болсон "шар хантаазтанууд"-ын жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Цагдаа нар нийт 422 хүнийг баривчилсан төдийгүй 133 хүн гэмтэж бэртсэний 23 нь цагдаагийн ажилтнууд байжээ.
Энэ асуудалтай холбогдуулан Францын Засгийн газрын тэргүүн “Хүчирхийлэл зогсох ёстой. Бид Ерөнхийлөгч Эммануэль Макронтай хэлэлцэж, ярилцсаны эцэст дараах шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан татварын арга хэмжээнүүдийг зургаан сарын хугацаатайгаар түр зогсоохоор болсон. Энэ асуудлыг бүх талтай хэлэлцэж зөвшилцөлгүйгээр шийдэх боломжгүй. Мөн ямар ч татвар улс орны нэгдмэл байдлыг алдагдуулж чадахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Эммануэль Макрон татварын тогтолцоог өөрчлөх асуудлаар үндэсний хэмжээнд мэтгэлцээн явуулна гэдгээ мэдэгдээд мэтгэлцээнийг 12 дугаар сарын 15-наас 3-р сарын 1-ний хооронд явуулах тов гаргажээ.