УИХ-ын нөхөн сонгуулийг хавар, намар хоёрт товлон зохион байгуулдаг. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах сонгууль өнгөрсөн намар буюу аравдугаар сард болох байсан ч сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрсөн хэмээн үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг УИХ хүлээн авах боломжгүй хэмээн үзэж буцаасан ч Цэц дээд суудлын хуралдаанаараа УИХ-ын тогтоолыг хүчингүй болголоо.
Ийнхүү Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийн асуудал УИХ, Цэц хоёрын дунд явьж, яригдсаар хагас жилийн нүүр үзэв. 42 дугаар тойргын 11 мянган сонгогч төрд төлөөлүүлэх эрхээ олон асуудал дээр эдэлж чадсангүй. Тэгвэл нөхөн сонгуультай холбоотой асуудал цаашид яаж үргэлжлэх вэ. Хуулийн хүрээнд бол нөхөн сонгуулийг энэ намрын чуулганаар товлох ёстой. Тэгж байж сонгуульд өрсөлдөх хүсэлтэй төрийн албан хаагчдын эрхийг хангаж чадах юм. Төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт дээр энэ удаагийн нөхөн сонгуулийн асуудал уначихаад байгаа. Тэгэхээр намрын чуулган завсарлахаас өмнө нь буюу сар шинийн баярын өмнө нөхөн сонгууль хэзээ болох вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг л дээ.
Харин энэ чуулганаар товыг зарлаж чадахгүй бол УИХ өөрөө хууль зөрчих юм. Ерөнхийдөө нөхөн сонгууль энэ чуулганы хүрээнд бол ирэх зургаадугаар сард болох магадлалтай байгаа. Хуулиараа бол энэ асуудал ингээд шийдэгдээд явна. Харин эрх баригч намын тааллаар бол нөхөн сонгуулийн хувь заяа өөр тийшээ эргэх хувилбар ч яригдаж буй. Эрх баригч намд энэ сонгуулийг явуулах хүсэл сонирхол төдийлөн байхгүй гэдэг өнгөрсөн үйл явдлуудаас харагдсан билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хуулийн этгээдийг МАН-ын даргын бие төлөөний хүн байсан талаар шуугиж, энэ нь ортой гэдэг нь ч тогтоогдсон байдаг.
Тэгэхээр эрх баригч намд тийм амархан товлоод явуулчих эр зориг байхгүй. Тэд нөхөн сонгуульд ялагдахаасаа айж байгаа. Нөхөн сонгуулиас бултах шинэ хувилбарыг ч яриад эхэлсэн байна. Тэр нь Сонгуулийн шинэ хууль байж магадгүй. Тодруулбал, чуулганаар хэлэлцэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 85.3-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ. Тэгэхээр намрын чуулганы хугацаанд Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг өөрчилж, нөхөн сонгуулийг 2019 оны долдугаар сард товлоод, дараагаар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталчихвал шинэ төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай байна. Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй 2020 онтой золгож магадгүй байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин