Засгийг “хамгаалсан” эрхмүүд дараагийн сайдаар тодрох уу?
У.Хүрэлсүхийн Засгийн газарт халаа сэлгээ үргэлжилж байна. Парламентаас засагтайгаа үлдэж чадсан ч танхимын сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг сөхөгдөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудалдаа үлдсэн ч, танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохироогоор улс төр үргэлжилж байна.
ЖДҮХС-гийн асуудалтай холбогдуулан Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас нь огцруулсан. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан прокурорын зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн ч парламент татгалзсан шийдвэр гаргасан. Б.Батзориг сайдын асуудалтай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа талаар прокурор мэдээлж байлаа. ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан асуудалд Б.Батзориг сайд хариуцлага хүлээсэн ч, энэ нь Засгийн газраас зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл гэж зарим улстөрчид, улс төрийн намууд дүгнэж байгаа. Тиймээс Б.Батзоригийг шалгаж байгаа асуудалд нэр холбогдох гишүүд нэмэгдэж магадгүй гэж зарим хүмүүс ажиглаж байна.
Тэгвэл ЖДҮХС-тэй нэр холбогдсон ЗТХ-ын сайд Я.Содбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн танхим дахь ЗТХЯ-ыг хариуцсан хоёр дахь сайд. Өмнө нь Ж.Бат-Эрдэнэ энэ салбарыг тэргүүлж байсан. ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарч, салбарын удирдлагууд нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Я.Содбаатарын тухайд тус салбарт сайдаар томилогдоод ердөө 60 хоног буюу хоёрхон сар л болж байгаа. Энэ хугацаанд салбартайгаа ч танилцаж амжаагүй байх, түүний хувьд. Харин дараагийн “давхар дээл”-тэй сайд Засгийг тогтвортой ажиллуулахаар огцруулах шаардлагагүй гэж дэмжсэн гишүүдээс тодрох нь баараггүй.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрохгүй бол хамгийн түрүүнд чөлөөлөгдөх Засгийн газрын гишүүнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа явж байлаа. Олны таамаглал ч зөрсөнгүй, ажлын эхний өдөр Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулах шийдвэрийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд гаргав. Ц.Цогзолмаа сайд ч энэ Засгийн газартай гар нийлж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс БСШУСЯ-ныхан дараагийн сайдаа хүлээж авахад бэлтгэж, таамаг дэвшүүлээд завгүй биз. Ямартай ч сайд огцрох сургаар ажлаа цалгардуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх нь энэ салбарынхны үүрэг.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсон. Гэхдээ тэрбээр энэ асуудлыг өөрт хамааралгүй гэсэн тайлбар хийж байгаа. Засгийн газар ч танхимын гишүүнээ хамгаалж,авах үлдэхээр шийдсэн бололтой. Үүнээс гадна БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг хариуцсан салбартай нь холбогдуулан агаарын бохирдлыг бууруулаагүй, ажлаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байгаа ч үл харгалзаж байна.
Эрчим хүчний сааталд гаргаж, ажлын хариуцлага алдсан Ц.Даваасүрэн сайдад ч харуицлага тооцох асуудлыг гишүүдийн зүгээс удаа дараа хэлж байгаа. Юутай ч Засгийн газар эхний ээлжинд ЖДҮХС-тай холбогдсон сайддаа хариуцлага тооцон нэрээ цэвэрлэхээр шийдсэн бололтой.
Хуулийн дагуу УИХ-д өргөн барьсаны дараагаар сайд нарыг огцруулж, дараагийн сайдад нэр дэвшүүлэх асуудал яригдана.
У.Хүрэлсүх Засгийн газраа “давхар дээл”-тэй сайд нараар бүрдүүлсэн. Энэ удаад ч дээрх зарчмаа барьж ажиллана гэж ажиглагчид үзэж байна. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаар дэмжиж, цээжээрээ хамгаалсан нэр бүхий сул гишүүд энэ удаад “давхар дээл”-тай шинэ оныг угтах нь.