Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс роботын тусламжтайгаар гэрээсээ ажиллах боломжтой болжээ
Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ ажиллах боломжтой кофе шоп өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийжээ. Нээлтийн үеэр 1,2 метрийн өндөртэй таван роботыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэгчдээс захиалга авах, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэгт удирдан туршилт хийсэн нь амжилттай болсон байна. Ингэснээр тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ зөөгч роботыг удирдах замаар цагт 1,000 еэний цалинтайгаар ажиллах боломж бүрджээ.
Энэхүү роботууд нь тухайн ажиллаж буй нөхцөлийнхөө аудио болон видео дүрсийг интернэтээр дамжуулснаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс түүнийг гэрээсээ компьютер ашиглан шууд удирдах юм байна. Ори лаб компанийн гүйцэтгэх захирал Кентаро Ёошифүжи (Kentaro Yoshifuji) “Роботуудыг кофе зөөх зэрэг биеийн хөдөлмөрөөс гадна нийгмийн ажилд оролцох боломжтой болгон сайжруулснаар кофе шопын зохион байгуулалтын гурван чухал хүчин зүйлийн нэг болох боломж бүрдсэн” гэж хэлжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ цаашид роботуудыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхүү анхааран ажиллана гэжээ.
Тус кофе шоп энэ сарын 7 хүртэл ажиллах бөгөөд холбогдох байгууллагууд 2020 оны Токиогийн Олимпийн үеэр энэ төрлийн газруудыг байнгын үйл ажиллагаатай байлгахаар зорьж байгаа аж.