Би хүүхдээ юмаар дутаахгүй биш дутааж өсгөнө
Хүн бүр адил тэгш байхаа больж, баян хоосны ялгаа хэтийдсэн өнөөгийн нийгэмд үр хүүхдээ юугаар ч дутаахгүй юмсан гэх бодол олон эцэг эхчүүдийн толгойг ээрдэг. Харин миний хувьд хүүхдээ юмаар дутааж өсгөнө гэж боддог. Бүр юугаар ч дутаахгүй өсгөчихвий гэхээс айдаг гээч. Харин яагаад гэдгийг миний олон үг биш, доорх жишээ хангалттай батлаад өгөх болов уу.
Хоёр мянга таван зуун жилийн өмнө одоогийн Непал улсын хавьд тансаг ордонд амьдрах нэгэн хаан удахгүй төрөх ханхүүгээ хүлээж байлаа. Тэр үед хаан хүүдээ зориулсан гайхалтай санаа бодож олсон байв. Тэрбээр хүүгийнхээ амьдралыг төгс байлгахыг хүсжээ. Бүх хэрэгцээ, хүслийг нь хангаж, хэзээ ч зовлон үзүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Тиймдээ ч хаан хүүгээ ордны гаднах амьдралыг мэдэхээс сэргийлж ордноо тойруулан өндөр хана босгожээ. Хүүгээ эрх дураар нь байлгаж, хоол унд бэлэг сэлтэд умбуулан, түүнд үйлчлэх зарц шивэгчин олноор нь бэлдсэн байлаа. Яг л төлөвлөснөөр нь ханхүү амьдралын хүнд бэрхийг мэдэлгүй өсөж байв.
Ханхүүгийн бага нас бүхэлдээ ингэж өнгөрөв. Гэвч эцэс төгсгөлгүй тансаглал, баян цатгалан байдлаас үл хамааран ханхүүгийн ааш зан эвдэрч байлаа. Удалгүй бүх зүйл утгагүй хоосон, үнэ цэнэгүй санагдаж эхлэв. Аав нь түүнд юу ч өгсөн хангалтгүй, утга учиргүй санагдах болжээ.
Ингээд нэг шөнө ханхүү хананы цаана юу байдгийг харахаар ордноосоо оргож, зарцтайгаа нэгэн тосгонд очжээ. Гэвч тэнд харсан зүйл нь түүний хувьд аймшигтай байлаа. Ханхүү амьдралдаа анх удаа хүний амьдралын зовлонг харжээ. Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орж, ордондоо эргэж очоод , өөрийнх нь төлөө бүхнийг хийсэн аавыгаа буруутгажээ. Түүний амьдралыг золгүй, утгагүй болгосон зүйл нь баян тансаг байдал хэмээн бодож, ордноос зугтсан юм. Тэр ханхүү хожим Будда хэмээн алдаршжээ.
Дээрх жишээг “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номонд дурьдсан байдаг.
Зарим хүний насаараа хүсэж, мөрөөдөөд ч авч чаддаггүй тэр амьдралын үнэ цэнийг ханхүү мэдэхгүй байх нь аргагүй. Учир нь тэр юугаар ч дутаж үзээгүй тул, байхгүйн зовлон, байхын сайхныг мэдэхгүй шүү дээ. Үүний дээр түүнд анхнаасаа бүх зүйл байсан учраас, ямар нэг зүйлийг хүсэн мөрөөдөж, тэмцэх шаардлагагүй болохоор амьдрал утгагүй санагдаж, ааш зан нь ч эвдэрчээ. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхэд утгаа алддаг гэдгийн тод жишээ энэ болов уу.
Алдрын оргилд хүрч, асар их хөрөнгөтэй болсон зарим одууд яагаад хар тамхины хэрэгт холбогдож, амиа хорлохоор завддаг юм бол?
Учир нь тэдэнд бүх зүйл байгаа учраас, юунд ч сэтгэл нь хөдлөхөө больж, юу ч үнэ цэнэтэй санагдахаа больсон учраас л тэр. Харин бид үр хүүхдэдээ сайн сайхныг хүсч байвал, тэдэнд өөрсдөө хийж бүтээх, өөрсдийнхөө амьдралыг бий болгох боломжийг нь үлдээх хэрэгтэй.
Тиймээс л би хахаж цацсан, хэт хангалуун амьдралд биш, харин дутагдахдаа дутагдаж, дүүргэхдээ дүүргэж, үр хүүхдээ өсгөнө гэж боддог билээ. Ийм орчинд өссөн хүүхэд юмны үнэ цэнийг мэддэг, жижигхэн зүйлээс баяр баясал, аз жаргалыг мэдэрч чаддаг болно. Харин хүүхдэд дутагдах ёсгүй ганц зүйл бол хайр бөгөөд аав, ээжийнх нь зүгээс хүүхдэдээ өгөх хамгийн том өв бол гэр бүлийн аз жаргалтай дурсамж юм. Таниас хойш, хүүхдийн тань амьдрал ямар ч байсан, аав ээжтэйгээ хамт байсан мөчүүдээ эргэн дурсахад, зүрх сэтгэл нь баяраар дүүрэх тийм л сайхан дурсамжуудыг хүүхдэдээ бүтээж өгөөрэй.