Төрийн ордны “түймэр” ойртсон бүхнийг шатааж мэдэх нь...
Төрийн эрхийг үнэмлэхүй олонхоор барьж буй МАН-ын дотоод зөрчил даамжран төрийн хагарал болж, саарал ордонд орсон бүхэн шалзарч мэдэхээр шатаж байна, энэ улс төр. УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тал болж хүч тэнцүү хоёр хуваагдсан МАН-ынхны “зодоон”-д хэн ч ялсан жинхэнэ хохирогч нь ард түмэн болох нь харамсалтай. Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тэрхүү хуулийн хугацаа нь өнөөдөр дуусч байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн. Харин уг томъёоллоор санал хураах чуулганыг өчигдөр товлосон ч хуралдаан болсонгүй. Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтад ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд оролцох ёсгүй гэж М.Энхболдын талынхан зүтгэв.
Үнэндээ Засгийн газрыг огцруулахыг дэмжих ардчилсан намын есөн кнопын хоёр нь буюу Ж.Батзандан, Л.Болд нар парламентын сөрөг хүчнийхээ эсрэг чиглэсэн “сөрөх хүчин” болчихоод байгаа нь засгийг унагах операцыг эцсийн мөчид нураах шинжтэй болгосон тул ийн арга хэмжээ авахад хүргэсэн.
Ийнхүү спикер М.Энхболд ямар ч байсан өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд УИХ-ын бүтцийн байгууллагыг хөдөлгөж, ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн кнопыг “хураах” гээд ирц нь хүрсэнгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч зүгээр суусангүй. Тэрбээр үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг зарж, мөнгө босгох төлөвлөгөө боловсруулсан тул огцруулах дүгнэлт гаргаж өгөхийг хүсчихлээ.
Бас намын хяналтын ерөнхий хороог хуралдуулсан. Энэ хурлаараа намын анхан шатны гишүүдээс ирсэн гомдлыг хэлэлцсэн гэж байгаа ч, үнэндээ М.Энхболд, Д.Хаянхярваа нарын хүмүүсийг тухайлан ярьж улмаар М.Энхболд тэргүүтэй таван хүнийг намаас хөөх шийдвэр гаргуулаад буцсан гэдгийг эх сурвалжууд баталж байна.
Үйл явдал үүгээр дуусаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Занданшатар, О.Баасанхүү, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Болд, Д.Хаянхярваа нарын ээлж дараалан бие бие рүүгээ дайрсан мэдэгдлийг монголчууд өчигдөржин харсан тул энд нуршилгүй орхиё.