УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Нотариатын тухай, Ашигт малтмалын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцэнэ. Уг албан бичгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах юм.
Түүнчлэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай,“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах тухай”, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судлах “Түр хороо байгуулах тухай” зэрэг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.