АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Тайванийн хоолойгоор дайран өнгөрсөнд Хятадын тал дургүйцлээ илэрхийлэв
Өчигдөр буюу 11-р сарын 28-ны лхагва гарагт АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дайран өнгөрчээ. Харин энэ нь БНХАУ-ын зүгээс Тайваньд үзүүлж буй цэргийн дарамт шахалт нэмэгдэж байгааг АНУ хянаж байгаа гэдгийг харуулах зорилготой гэж шинжээчид дүгнэжээ.
Тус усан зам нь хэдийгээр НҮБ, олон улсын эзэмшилд байдаг гэж тодорхойлсон ч БНХАУ тухайн бүс нутгийг өөрсдийн нөлөөллийн бүс хэмээн үздэг аж. Энэ үүднээс БНХАУ тухайн усан замаар өөр улсын хөлөг онгоц зорчих үйлдлийг өөрсдийн нутаг дэвсгэрт халдаж байна хэмээн үздэг байна.
Харин АНУ-ын Номхон далайн флот тэдгээр “USS Curtis Wilbur”, “USS Antietam” хөлөг онгоцнууд даваа гарагт хэвийн шилжилт хөдөлгөөн хийж, олон улсын усан хилээр зорчсон гэж мэдэгдсэн байна. Харин Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр хөлөг онгоцнууд өмнөдөөс хойд зүгт зорчсон гэжээ. Харин энэхүү үйлдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши ЖиньПин нарын уулзалтын өмнө болсон нь шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаад байна.
Одоогийн байдлаар АНУ болон БНХАУ-ын талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Энэ үйл явдал нь АНУ-ын хөлөг онгоцнууд энэ жил Тайвань болон БНХАУ-ын дунд орших стратегийн ач холбогдол бүхий усан замаар зорчсон хоёр дахь тохиолдол нь болж байна. Өмнө нь долдугаар сард АНУ-ын хөлөг онгоц уг усан замаар зорчиж байжээ.