ЖДҮ-тэй холбогдсон Засгийн газрын зургаан сайдыг шалгаж байгаа гэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагт хуралдахаар байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшиллоо. Энэ удаагийн хуралдаанаар байнгын хорооны гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалын ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарыг шалгаж байгаа шалгалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсох байсан юм.
Байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүй, хойшилсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээр нэр бүхий гишүүд ЖДҮ-тэй нэр холбогдсон байж болзошгүй зургаан сайдыг шалгаж байгаа эсэхийг прокурорын байгууллагаас тодруулжээ. Харин прокурорын байгууллагаас "Шалгагдаж байгаа болохоор мэдээлэл ѳгѳх боломжгүй" гэх хариуг ирүүлсэн байна.
Харин зургаан сайдад нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар багтсан байна.
Эх сурвалж: zindaa.mn