"WikiLeaks" байгууллага Английн "The Guardian" сониныг өөрсдийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлыг ахалж байсан Паул Манафорттой Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яаманд нууц уулзалт хийсэн талаар ямар ч үндэслэлгүй нийтлэл бичсэн хэмээн шүүхэд өгөхөөр болжээ.
Өнгөрөгч мягмар гаригт "The Guardian" сонин Дональд Трампын кампанит ажлыг ахалж байсан Паул Манафорт Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамны байранд Жулиан Ассанжтай 2013, 2015, 2016 онуудад тус тус гурван удаа уулзаж АНУ-ын прокурор Роберт Мюллерийн талаар ярилцсан хэмээн нийтлэл бичсэн юм.
"WikiLeaks"-ийн зүгээс "The Guardian" сониныг ямар ч үндэслэлгүй худал мэдээ нийтэлснийх нь төлөө шүүхэд өгөхөөр шийдсэн гэсэн бөгөөд энэ үүднээс өмгөөлөгчдийнхөө зардлыг санхүүжүүлэх зорилгоор кампанит ажил эхлүүлсэн гэдгийг "WikiLeaks"-ийн албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байгаа юм.
Харин Паул Манафорт өөрөө Ассанжтай эсвэл түүнтэй холбоотой хэн нэгэнтэй өмнө огт уулзаж байгаагүй гэдгээ хэлсэн байна.
"WikiLeaks" нь 2016 оны долдугаар сард АНУ-ын Ардчилсан Намын Үндэсний хорооны дотоод хэргийн талаар нууц мэдээг задруулснаас болж тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байжээ.
Манафорт нь Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын төвийн тэргүүнээр 2016 оны гуравдугаар сард сонгогдож байсан ч мөн оны наймдугаар сард 2007-2012 оны хооронд их хэмжээний хахууль авч байсан хэрэгт холбогдон ажлаа хүлээлгэн өгсөн юм.