У.Хүрэлсүх: Өнөөдөр та хэд сайхан болж харагдахгүй. Би та хэдийгээ мэднэ шүү дээ
Өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 16 гишүүн оролцсоноос 10 гишүүн дэмжиж 62.5 хувийн саналаар дэмжсэн. Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааны ийн шийдвэр гаргасан ч нөгөөдрийн УИХ-ын чуулганаар Засгийн газрын хувь заяаг шийдэх учиртай.
Дэмжсэн гишүүд:
- Н.Амарзаяа
- О.Баасанхүү
- С.Бямбацогт
- Ж.Мөнхбат
- Б.Наранхүү
- О.Содбилэг
- Д.Хаянхярваа
- М.Энхболд
- Д.Эрдэнэбат
- Ж.Эрдэнэбат
Татгалзсан гишүүд:
- Б.Жавхлан
- Г.Занданшатар
- Д.Лүндээжанцан
- Д.Тогтохсүрэн
- Н.Цэрэнбат
- Н.Энхболд
Өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гишүүдийн асуултад хариулж хэлсэн үг нэлээд олны анхаарлыг татлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй
Шүүмжлэлийн сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал нэлээдгүй хүнд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад нөхцөл байдал нэлээд хүнд үед энэ хурал болж байна. Би М.Энхболд, Д.Хаярхярваа гэж нэг хөдөөний.... уучлаарай. Дарханаас ирсэн нэг нөхөр. Аймгийн засаг дарга хийж байсан. Миний удирдлага дорж ажиллаж байсан хүн. Мөн Хотын даргыг огцруулъя гэдэг асуудлыг тавиад эргээд энэ асуудал нь сүүлдээ Засгийн Газрыг огцруулах асуудал болж хувираад явж байна. Надад заах нь яах вэ Д.Хаянхярваа. Чи бүлгээ удирдаж чадаагүй ш дээ. МАН-ын 65 гишүүнийг 2 хуваасан. Ажил хийдэггүй, хов зөөнө. Нас намбандаа байж чаддаггүй. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх ёстой үгээ хэлнэ. Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Шударга үнэний туйл мэт өөрсдийгөө ярьж байна. Энд хулгайч, наймаачид сууж байгаа.
ЖДҮ гэж нэг юм гарч ирж Засгийн Газрыг хөмрөх гэж байгаа юм байна л даа. ЖДҮ зөв үедээ илэрсэн гэж бодож байгаа. Засгийн Газар ЖДҮ-ийн санд шалгалт оруулаад 2 сар болж байсан юм. Хаа хаанаа сургамжтай юм болсон. Би АН-ын бүлгийн дарга Эрдэнэбатын үгийг дэмжиж байгаа. Өнөөдөр та нар ингэж хэлсэнээрээ сайхан харагдахгүй ээ. Би бас та хэдийгээ мэднэ ш дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг сайн мэднэ. Тэгээд би намаа цэвэрлэж авах ёстой юм байна гэдгийг өнөөдөр бүр сайн ойлголоо. Төрөө цэвэрлэх эхлээд явж байгаа. Энд байгаа зарим нэг хүмүүс МАН-ын нэр дээрээс дэвших эрхгүй хүмүүс шүү. Эртхэн хэлчихье, зам мөрөө хөөгөөрэй.
О.Содбилэг ээ чи битгий нефтийн үйлдвэр нураах гээд бай. Нефтийн үнийг өсгөж байгаа хүмүүс та нар шүү. Насаараа та нар нефтийн жижиглэнгийн бизнес хийж баяжсан хүмүүс шүү та нар. Өөрсдөө хулгайч байж бусдыг хулгайч гэж яриад хэрэггүй. Цаг нь болохоор цааш нь би зөндөө юм ярина. Ард түмний өмнө би шударга ажиллана гэж амласан. Шударга ажиллаж байгаа гэж бодож байгаа. Зарим хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байгаа. Эрх зүйн орчин надад байхгүй байна. Гэхдээ би үүний эсрэг тэмцэнэ. Энэ байр сууриндаа хатуу зогсоно. Энийг хамгийн сүүлд нь хэлчихье.