"Microsoft" компани "Apple"-ийг давж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо
Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч "Microsoft" компаний зах зээлийн үнэлгээ 65 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 812.93 тэрбум ам.долларт хүрлээ. "Microsoft"-ийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх нэгж хувьцааны ханш 16 хувиар өсч түүхэн дээд хэмжээ болох 699 ам.долларт хүрсэн байна.
Ийнхүү өнгөрсөн 5 хоногт хувьцааны ханш нь өссөнөөр "Microsoft" компанийн зах зээлийн үнэлгээ програм хангамж, технологи хөгжүүлэгч хамгийн том компани болох “Apple”-ийн 812.6 тэрбум ам.долларын үнэлгээг давсан байна. Хамгийн сүүлд 8 жилийн өмнө "Microsoft"-ийн үнэлгээ “Apple”-ийнхийг давж байжээ.
"Apple" компанийн үнэлгээ энэ оны эхний хагаст нэг их наяд ам.долларт хүрч дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэйд тооцогдож байсан ч iPhone X ухаалаг утасны захиалга буурснаас болоод хувьцааны ханш нь тогтмол уналттай байгаа юм. Учир нь тус компанийн нийт ашгийн 60 хувийг ухаалаг утасны бизнес эзэлдэг аж.
Харин "Microsoft" компанийн хувьд програм хангамж, үүлэн буюу "cloud" сүлжээний үйлчилгээ, видео тоглоом, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт хүч үзэж байгаагийн дээр амжилттай ажиллаж байгаа нь ийнхүү хувьцааны үнэлгээ нэмэгдэх гол шалтгаан болжээ.