Рио Тинто: Монгол Улс дотоодын улс төрөөс шалтгаалсан эрсдэлтэй
“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсыг "Дотоод орчноос шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон" гэж дүгнээд байна. Дотоодын улс төрийн зөрчилдөөн болон Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн харилцааны асуудлаас болоод ийнхүү эрсдэлтэй гэж дүгнэжээ. Монголын Засгийн газар гэрээнд заагдсан үүргээ биелүүлж, эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг дотоодоос хангах шаардлага тавиад байгаа юм.
“Африкийн ихэнх улс, Ази тивээс Иран, Монгол Улс дотоодын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон боллоо. Энэ тохиолдолд бид ямар нэгэн бодлогын томоохон ажил эхлүүлэхэд төвөгтэй байна” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьжээ.
Австрали улсын Мельбурн хотноо болсон “IMARC-2018” олон улсын уул уурхайн форумд оролцох үеэрээ Монгол Улс “Тавантолгой” төсөлтэй хамтран ажиллах саналыг Рио Тинто компанид тавьсан юм. Харин Рио Тинто компани Монгол Улсыг популист улстөрчид ихтэй, улс төрийн тогтворгүй байдал болон авлигын томоохон асуудалтай гэж дүгнээд байна.