БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг гэр бүлийн найзынхаа компанид 12 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын төслийг авч өгсөн баримтыг хэвлэлүүд дэлгэж байна.
Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй том хэмжээний төсөлд ямар ч өрсөлдөгчгүйгээр “Эрдэнэт-Орчлон” гэх компанийг сонгож, тэр нь БСШУС-ын сайдын гэр бүлийн найзын компани байв. Түүгээр зогсохгүй тус компанид давуу байдал бий болгож баталгаа хөрөнгөө байрлуулсан хугацаанд нь тохируулж албан бичиг үйлдэж, ганцхан сарын дотор ажлын гүйцэтгэл нэрээр 856 000 000 сая төгрөг шилжүүлсэн, найзынхаа охиныг салбарын яамандаа ажилд авсан зэрэг зөрчлүүд баримтаар ил болж олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Ц.Цогзолмаа сайд бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ утгаараа энгийн иргэнээс илүү үүрэг хариуцлагыг хүлээх хуультай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хамаарал бүхий этгээд түүнтэй ойр ажиллах, шинээр ажилд орох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгодог. Тийм ч учраас дээрх баримтууд Ц.Цогзолмаа сайд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа юм.
Тэгвэл эрхэм сайдтай холбоотой өөр нэг асуудал байна. Тэр нь гэр бүлээрээ төрийн өндөр дээд албан тушаал хашдаг тухай юм. Ингээд энэ гэр бүлийн хэн ямар албан тушаал хашдаг тухай мэдээллийг энэ удаа хүргэе.
Эхнэр Ц.Цогзолмаа-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд.
Нөхөр Ч.Саранжав-Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал
Хүү С.Түвшинтөр-Зам тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын далайн захиргааны дарга
Охин С.Баясгалан-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч юм байна.