Найман жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлд 754.5 тэрбум төгрөг зарцуулжээ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “ЖДҮ-ийн талаарх судалгаа, зөвлөмж” сэдвээр итгэл тавьсан юм. Илтгэлд, "ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754.5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд статистик түүврийн аргаар Улаанбаатар хотоос 1,000, аймгуудаас 30-50 буюу нийт 1,850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг сонгосон. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 79% нь зөвхөн нэг чиглэлээр бизнес эрхэлдэг бол үлдсэн хувь нь олон төрлийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна. ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97% нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84% нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13% нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4%-ийг тус тус эзэлж байна” гэсэн тоо баримтуудыг тусгажээ.