Б.Болдсайхан: Амьдрал богинохон
Амьдрал богинохон. Нэг л мэдэхэд уураг сүүл хүлхсэн өвгөн болж өнгөрсөн амьдралаа шүүн тунгааж, сайн муугийн дэнсэн дээр өөрөө өөрийгөө жигнэн яллаж суух болно. Тэгээд нэг их удалгүй үхлийн чимээг сонсон хэвтэх сүүлчийн мөчүүдэд энэ амьдрал минь утга учиртай байж уу, хүнээс ичиж өөрөөсөө ч нуугдмаар амьдарч уу, эсвэл болжээ, сүйд болохоор зөв биш юм гэхэд харамсаад байхааргүй амьдарч уу гэсэн энгийн асуултуудад хариулна.
Эцсийн хэдэн хоромд ч өөрөө өөрийгөө хууралтай биш. Хуураад ч яах билээ. Уртын урт амьдралын үй түмэн үйл явдал, хором тохиолдлуудаас хамгийн зөв, хамгийн буруу байсан үйлдлүүд, хамгийн үнэнч хамгийн хуурамч байсан хормууд шигшигдэн үлдэж, амьдралын минь утга учрыг тодорхойлно. Их олон ч үйл явдал, хормууд байхгүй болов уу. Аль аль нь нийлээд гарын арван хуруунд багтахаар байх болов уу.
Би бурхан байдаг ч байсан, бурхан намайг шүүдэг ч байсан айхгүй. Харин эцсийн эцэст өөрөө өөрийгөө шүүх тэр мөчид л хэтэрхий олон буруу үйлдэл, хэтэрхий олон худал хором гарч ирж, амьдарсан амьдрал, угтан ирж буй үхэл хоёрыг хоёуланг нь утгагүй болгох вий гэж айна. Хойд, урд нас гэж байдаг эсэхэд би нэг их санаа тавьдаггүй. Харин энэ амьдрал минь утга учиртай, харамсахааргүй байгаасай гэж би хүсдэг. Тэгвэл амьдрал минь ч, үхэл минь ч утга учиртай болно. Тэгж амьдарч чадаагүй бол амьдарсан минь утга учиргүй, шившигтэй болно. Үхэл минь ч тэнэг амьдралдаа таарсан тэнэг үхэл байх болно. Нэгэнтээ залуу гэнэн байхад бичсэн шүлэг минь хоёрхон мөртэйсэн. “Үхлийн төлөө амьдаръюу амьдралын төлөө үхсү”. Олон жилийн хойно одоо эргээд бодоход зөв л байж дээ.
Хамгийн энгийн асуултууд хамгийн хэцүү байдаг. Хүн яах гэж амьдардаг, хүмүүсээс тогтсон хүний нийгэм яах гэж оршдог, юуг хүсэн мөрөөддөг вэ гээд ярьж эхэлбэл мань мэтэд үнэхээр томдсон хоёр сэдэв болох байх л даа. Будда, Күнз, Аристотелиэс эхлээд Кант, Локк, Гегель, Ницше ч хариулж чадаагүй асуултууд. Хариулах ч ёстой юм уу, хариулт байхгүй ч юм уу, тодорхойгүй. Гэхдээ ядаж л математикийн хязгааргүй дөхөх арга ч байдаг юм уу, ямар нэг арга, бас ч гэж чиглэл байх ёстой мэт. Гэхдээ эдгээр мэргэдийн зарим нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замын тухай сургасан. Жишээ нь: Будда, Дао, Фройд. Зарим нь нийгмээрээ аз жаргалд хүрэх тухай сургасан. Жишээ нь: Күнз, Аристотель, Маркс.
Би өөрийнхөө өчүүхэн төвшинд тааруулаад энгийн чиглэлүүдийг нь ядаж тоочъё л доо. Эхлээд хувь хүний амьдралын утга учрын тухай хальт.
- Дандаа хэрэггүй юм хийж амьдарсан байвал бас жаахан тиймхэн. Тийм учраас үхэхийн цагт эргээд харахад учиргүй харамсахааргүй амьдрах.
- Үр удмаа үлдээчих. Тэд нь гайгүй эрүүл саруул, ажил амьдралтай байх. Энэ ч нэлээн амьтанлаг зөн байх аа даа, зайлуул.
- Нэг их жаргадаггүй юмаа гэхэд ядаж бага шиг зовох. Гэхдээ бас яахаараа жаргаад, яахаараа зовоод байгаа нь ч айхтар ялгаа, заагтай биш хэцүү л дээ.
- Болдогсон бол амьдарч байгаа хором болгондоо зүрх минь зөв гэж байгаа сонголт хийх.
Гэсхийгээд л бараг болчих болов уу. Миний бодлоор бол шүү дээ. Гэхдээ зарим хүн ч бас бус өөр янз бүрийн юм хүсдэг юм шиг байгаам аа янз нь. Жишээ нь: эрх мэдэл, олон сайхан эр юм уу, бүсгүйтэй учрах, мөнгө, алдар нэр, хүлээн зөвшөөрөгдөх, тансаг амьдрал, урлагийн таашаал авах, бусдаас дутахгүй байх юм уу, болбол илүү байх ч гэх шиг. Ийм нарийн ширийн мундаг хүслүүд бол над мэтэд нэлээн ахадсан эд.
Харин хүмүүсийн олонлог юуг хүсдэг байж болох вэ?
- Аль болох олон хувь хүн хүссэнээрээ аз жаргалтай амьдрах бололцоотой байх. Өөрөөр хэлбэл дээр бичсэн амьдралын зорилгоо гүйцэлдүүлэх боломж аль болох олон хүнд нээлттэй байх. Бусдыг зохион байгуулах сонирхол чадвар илүүтэй хэсэг тэр ажлаа хийх буюу зохицуулагч нар байх хэрэгцээ эндээс үүснэ.
- Бүгдээрээ дотоодын юм уу гаднын аюул заналд хомрогдон өртөхгүй байх. Цэрэг цагдаатай байх шаардлага эндээс үүснэ.
- Хүмүүс нэг нэгэндээ аль болохоор дэм болохоос биш саад гай болох нь бага байх дотоод бүтэц, функцтэй нийгэмтэй болох. Хууль, шүүхтэй байх шаардлага эндээс үүснэ. Хамтаараа байвал дан дангаараа зүтгэснээс арай жаргалтай амьдрах боломж бий болгох гэх юм уу даа.
За нэг иймэрхүү л юм байх болов уу. Гэхдээ бас өөр өөр хүмүүс өөр өөрөөр мэдээж тодорхойлсон байдаг л даа. Жишээ нь: Күнзийнхээр бол нийгэм гармоник буюу зохистой байх ёстой. Үүний тулд гэр бүл дотроо ахмадаа хүндэлж, улс дотроо ноёдоо дээдэлж, боол нь боолоороо, ноён нь ноёноороо сайн ажиллаж гэх мэт. Марксынхыг бид сайн мэднэ: ажилчин ангийн намын удирдлагаар, бүгд чадлын хэрээр ажиллаж, олсноо тэгшхэн шиг хувааж авах, бүгд жигд ойролцоо хэмжээтэй жаргах нийгэм байгуулна гэдэг бил үү дээ. Адам Смитийнхээр бол хувь хүн бүр эдийн засгийн эрх чөлөөтэй байвал аяндаа зах зээлийн үл үзэгдэх гараар зохицуулагдсан илүү баян иргэдтэй нийгэм бий болж хүмүүс илүү дээр амьдарна. Орчин үеийн моодны чиглэлээр бол иргэн хүн их сайн идэвхтэй байж эрхээ хамгаалж, хянаж байх. Гэх мэт.
Гэхдээ өдий хүртэл хувь хүний ч бай, нийгмийн ч бай, энэ мөрөөдөл биелж байсан түүх алга байна. Түүхийн аль ч үе, газар зүйн хувьд хаана ч, өөр өөр нийгмийн байгууллын нэгнийх нь ч үед биелээгүй л байна. Ер нь биелэхгүй байх магадлал нь биелэх бодот бололцооноосоо хэтэрхий их мэт санагдана. Ялангуяа нийгмийн хувьд. Бараг гишүүн болгон нь өөрийн хүсэл зоргоор хувь хүний аз жаргалтай амьдралаар амьдрах боломжтой болно гэсэн үг. Нэлээн тохиолдолд хувь хүний аз жаргалтай амьдрах ба тухайн хүний амьдарч байгаа нийгмийн шаардлага хоёр хоорондоо зөрж зөрчилдөж байдаг. Нийгэм нэгэнт хамаагүй хүчирхэг, том, мундаг тул хувь хүнийг өөрийн хүслээр байлгах гэж хууль, төрийн бүх арга чаргаараа хүчирхийлнэ, ядахнаа тархийг нь угаана.
Улс гүрнүүд сул дорой, уруудан буурч байх үед мэдээж хэрэг нийгэм ч, хувь хүн ч аль аль нь зовно, ядарна. Улс гүрэн хүчирхэг байх үед нийгэм олноороо маш том амжилтад хүрч байгаа харагдавч харин тухайн нийгмийн гишүүдийн хэдэн хувь нь өөрийн зоргоор жаргалтай амьдарч байна гэдэг бол сонирхолтой асуудал. Жишээ нь Хүн гүрэн цэцэглэн мандаж байсан МЭӨ I, II зууны үед, Их Монгол Улсын үед монголчууд хүний ертөнцийг удирдан залж байх үед тэр үеийн монгол хүмүүсийн хэдэн хувь нь аз жаргалтай байсан бэ гэдэг сонин асуулт болно. Зөвхөн Монгол ч биш, хатан хаан Викторийн үеийн Их Британийн эзэнт гүрэн, өнөөгийн Хятад улс, Османы Түрэг улс, Их Могол улс, Ромын эзэнт гүрэн, Гитлерийн III Рейх, ЗХУ, Мая Инк, Ацтек, Хятадын Хан улс, Шёогуны ба өнөөгийн Япон, ХХ зууны хоёрдугаар хагасын АНУ гээд тухайн үндэстнийхээ хувьд дээд амжилтдаа хүрч байх үед хувь хүмүүсийн хэдэн хувь нь жаргалтай байсан бол?
Англосаксон угсаатны бий болгосон өнөөгийн ардчилсан эрх чөлөөт нийгэмд л арай олон хувь хүн хүссэнээрээ амьдарч чадаж байх шиг. Ялангуяа энэ системийг хүлээж аваад эдийн засаг, цэрэг, соёлын хувьд хүчтэй болж бусдын хараат биш байж чадсан улс үндэстнүүд. Учир нь зөвхөн Англосаксоний орчин үеийн нийгэм л түүхэнд анх удаа хувь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн тулгын чулуунууд дээр нийгмийн барилгаа барьжээ. Өмнөх бүх үеийн дээр дурьдсан боол, социалист, феодалын аль ч нийгэм, төрийн үед хэзээ ч тухайн нийгмийн хувь хүн бүрийн эрх ашгийг суурь болгож байсангүй. Эзэн хаан, удам залгасан ноён, ажилчин ангийн нам, шашны дээд ангийнхан зэрэг хэн нэгэн ганц хүний, хэсэгхэн бүлгийн хүсэл мөрөөдөл л тэр улс, нийгмийн тэргүүн эрх ашиг байлаа.
Тийм Их Монгол Улсын үед ч монголчуудын дийлэнх олонхи нь хувь хүний аз жаргалтай байгаагүй байх гэж мунхаглан бодно. Магад Монголын их хаад, цэргийн дээд удирдагчдын хувьд Япон тэнгисээс Германы Лейгниц, хойд туйлаас Индонезийн арлууд хүртэл Еврази тивийн дайдад хэдэн арван улс гүрнүүдийг хүсэл зоргоороо даран мөхөөж, шинээр зохион байгуулах одоо ч бидний төсөөлөх чадвараас хэт давсан агуу их үйлсийг хийж байхад гайхам бахтай, тэнгэрлэг байсан гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ. Гэхдээ эгэл монгол цэрэг, түүний ар гэр, үр хүүхдэд ямар байсан бол? Цэрэг Бат 16 наснаас Тангудад хоёр жил, хойд Хятадад гурван жил, Дундад Азид долоон жил, гэртээ хавар нь ирээд намар нь дахиад Тангудад хоёр жил, тэгснээ гэнэт Хүлэгийг даган Ойрхи Дорнодод Сири, Египет, Иран, Иракт таван жил, удалгүй дахин Орос, Зүүн бөгөөд Төв Европ: Унгар, Польш, Болгарт гэх мэтээр зогсоо зайгүй дайнд мордож 60 насандаа Монгол нутагтаа ирэхэд ямар байсан бол.
Түүний багын найз Төмөр нь Индонезийн арлууд, Япон тэнгисийн далайн шуурга, Вьетнам, Бирмийн шугуйн партизаны дайны тухай бүр ч аймшигтай түүх ярин түмэн шарх сорви болсон биесээ сувилан Аваргын халуун шаварт хэвтэж байхад сайхан байсан болов уу. Мань мэтийн эмээлээс өөр даваа даваагүй өчүүхэн эрсийн тархи зүрхэнд тэр их эрсийн ухаан, зориг алга болохоор сайн ойлгох арга үгүй. Гэхдээ монгол эрсийн хэд нь хүний нутагт харь цэргийн илдэн дор амь алдаж, хэд нь эх нутгаа санан шаналж, хувь хүний гэх амьдралгүй явсан бол. Япон тэнгисийн шуурганд живж, Сирийн цөлд ангаж цанган Айн Жаюд алуулж, Вьетнамын шугуйд хумхаагаар халууран нөгцөж, Кавказын ууланд Дарьяалын хавцлыг өвлийн шуурганаар дайсны суман мөндөр дор давж явсан тэр баатар эрсийг өөрийн зоргоор жаргаж байсан нь тэр гэж хэлэх нэг хэцүү, байх нэг хэцүү. Ямар цагийн машинаар нисч очоод асуумж тарааж судлалтай биштэй дээ.
Өнөө бид Англосаксон маягийн ардчилсан нийгэмд орсон ч бас л нэг их олон нь жаргасан юм алга байна. Гэхдээ дахин нэг хүний үеийн хугацаанд ухаан зарж, чармайн хөдөлмөрлөж, зөв сонголт хийвэл магад өнөөгийн Америк, Англи, Сингапур, Герман мэт улсын иргэдийн зэрэгт хүрч одоогийнхоос хамаагүй олон хувь хүн хүссэн зоргоороо жаргалтай амьдарч чадах биз ээ. Улс төр, эдийн засаг, цэрэг хүч, соёлын хувьд бусдад дарлуулахгүй хүчирхэг болж байж. Ганцхан аюух юм нэгэн байгаа нь монголчууд бид дахин сэргэн мандалынхаа дөнгөж эхэнд байгаатай холбоотойгоор хүн амын ихэнх маань боловсрол мэдлэг сулхан байгаагаас өөрсдийнх нь өмнөөс нийгмийг зохион байгуулж, өөрсдөд нь үйлчлэх хүмүүсээ зөв сонгохгүй, одоо нэгэнт улс төрийн өндөрлөгт гарагсад нь тэгж хүсэхгүй удваас хувь хүн бүрийн эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн тулгын чулуутай биш, харин өмнөх үеийнх шиг цөөн хэдэн хүний эрх ашиг, баялгийн төлөө л ядуу урам зориггүй хүн ард дуртай дургүй зүтгэж байдаг улс болох вий гэж эмээнэ.
Улс орон болгон ямар нэгэн нууцаар хөгжсөнийг нь бид л мэдэхгүй байна гэж санагсад олон байдаг. Японы хөгжлийн нууц, Сингапур, Германы нууц ч гэх шиг. Ямар ч арга чарга хэрэглэсэн бай ганцхан нууц биш нууц байдаг. Иргэн бүр нь шударга чармайн ажиллавал сайн сайхан амьдралд хүрч болно гэсэн итгэл үнэмшилтэй байх. Ийм итгэлийг иргэддээ бий болгож, бүгдийнх нь сэтгэл оюуны их хүч чадлыг асааж чадсан улстөрчид л улс орноо хөгжүүлсэн байдаг. Аль ч цаг үед ийм л ганц нууц байсан. Модун, Тэмүжиний үгээс авахуулаад хамгийн сүүлийн үеийн ноетис ухааны итгэхэд бэрх нээлтүуд ч аль аль нь хүний сэтгэл итгэлийг авбал, хүн ардынхаа сэтгэл итгэлийг асааж чадвал тэр ард түмэн гарцаагүй хүчирхэгжин мандана гэж баталж байна. Тэгэх тусмаа Монгол шиг мандан босох болгондоо хүн төрөлхтний магнайд гарч байж л санаа нь амардаг хэт их эрмэлзэлтэй, архаг зуршилтай ард түмэнд дахин хүчирхэгжин мандах нь бидний энэ насанд ч дахин тохиох магадлал нэн өндөр. Магад ирэх 10-20 жилд бид МЭӨ 209, МЭ 1206 оны удаахь гурав дахь их сэргэн мандлынхаа оргилд дөхөх болов уу. Мянганы давтамжтай цаг нь болж байна. Тэнгэр гурвын тоонд дуртай гэл үү.
Монгол хүн хувь хүнийхээ хувьд ч, Монгол Улс нийгэм төрийнхөө хувьд ч сансрын хурдаар хүчирхэгжин мандах болтугай. Тэнгэр мэднэ.
2009-7-11