У.Хүрэлсүхийн талын гэх УИХ-ын 37 гишүүн дотроо хуваагдах магадлалтай болжээ
Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын УИХ-ын 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн бариад буй билээ.
Мөн АН-ын удирдлага хуралдан, У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулахыг санал нэгтэй дэмжихийг УИХ дахь АН-ын бүлэгтээ үүрэг болгосон юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр намынхаа шийдвэрийг дагахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Ингэсэн ч Засгийн Газрыг огцруулах, эс огцруулах байр суурьтай бүлэглэлүүдийн хүч үндсэндээ тэнцүү хэвээр байгаа аж.
Иймээс ч аль аль тал нь нөгөө бүлэглэлээсээ УИХ-ын гишүүн урвуулж, элсүүлэхээр идэвхтэй яриа хэлэлцээр хийж байгаа юм. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн С.Жавхлангаас Засгийн Газар огцрох эсэх нь хамаарна гэх сурталчилгаа ч явж байна.
Гэсэн ч бодит байдал арай өөр байгаа тухай эх сурвалж өгүүлж буй юм.
Тодруулбал Засгийн Газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүний дундаас Ерөнхий сайд тодрохгүй байж болох гэнэ. Иймээс ч У.Хүрэлсүхийн талын гэх УИХ-ын 37 гишүүн дундаас Монгол Улсын Ерөнхий Сайд тодруулах яриа хэлэлцээ явагдаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумьяабазар нарын нэрс Ерөнхий Сайдад хүчтэй яригдаж буй аж.
Шинээр тодрох Ерөнхий сайдын талынхан заавал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар санал өгөх албагүй, гэнэт ажил гараад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байхад л асуудал анх санал гаргасан УИХ-ын 27 гишүүнийхээр шийдэгдэх юм.
Өөрөөр хэлбэл С.Жавхлан, Ж.Батзандан ч Засгийн Газрыг огцруулахыг шийдэх бус У.Хүрэлсүхийн талын гэх УИХ-ын 37 гишүүн хуваагдах магадлал өндөр болжээ.