Ж.Ариунболд: Монголын их дээд сургуулиудын чанарыг ахисан түвшинд хүргэх зорилготой
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболдтой ярилцлаа.
–Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 20 жилийн ой тохиож байна. Танд болон танай хамт олонд баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Хоёр арван жилийг хамтдаа бүтээлцсэн боловсролын салбарын нийт багш, судлаачид, шинжээчид, боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг дэмжиж ирсэн нийт хүмүүст ойн баярын мэндийг хүргэе.
-20 жил гэдэг багагүй хугацаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн түүх хэрхэн эхэлж байснаар ярилцлагаа эхэлье?
-Тухайн үеийн Гэгээрлийн яам санаачилга гарган 1998 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газрын тогтоолоор батлуулж, бүрэлдэхүүнийг нь Гэгээрлийн сайдын тушаалаар баталсан билээ. Ийнхүү манай оронд Дээд боловсролын бие даасан байгууллага үүссэн түүхтэй. Энэ хугацаанд манай байгууллагын ололт амжилт арвин баялаг байж, алдаа оноо нь ч сургамж дагуулсаар ирсэн он жилүүд байлаа. Өнгөрсөн хугацаанд бид хууль эрхзүйн орчноо бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэн батлуулж чадлаа. Монголын их дээд сургуулиуд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын бодит нөхцөл байдал нь олон улсын жишиг рүү ойртлоо.
–Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиуд бүгд танайхаар магадлан итгэмжлэл хийлгэсэн байх. 20 жилийн түүхтэй байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь их дээд сургуулийг 1999 оноос эхлэн магадлан итгэмжлэх ажлыг хийж байна. 2003 оны арваннэгдүгээр сараас хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх болсон. 2013 он хүртэл магадлан итгэмжлэлийн ажил маш ахиц дэвшилтэй явагдаж ирсэн. 2014-2017 оны хооронд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл маань өөрсдийгөө чадавхжуулах, шинэ шалгуур шаардлага хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдний бэлтгэсэн шалгуур шаардлагыг Монгол Улсдаа нутагшуулах ажлыг амжилттай хийсэн.
2018 оны зургадугаар сарын 26-нд Монгол Улсын хэмжээнд 2014 оноос хойш түр хугцааанд зогсоод байсан магадлан итгэмжлэх ажил эрчимжиж 22 их дээд сургууль, 13 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй. Манай байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд ажилладаг бөгөөд Мэргэжлийн 10 зөвлөлтэй, 500 гаруй шинжээчтэй ажилладаг. Ажлын албаны 16 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон Монголын их дээд сургуулиудын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгын хүрээнд ажиллаж байна.
Бид цаашид Монголын боловсролын систем, их дээд сургуулиуд чанарын асуудлыг дээшлүүлэх зорилгоор олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран, арга зүй, технологи, шалгуур шаардлагаа үндэсний онцлог, олон Улсын туршлагтай уялдуулан ажиллахаар хичээж байна. Одоогоор Монгол Улсад 96 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Тэднээс 72 сургууль, 230 гаруй хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн байна.
Эдгээр сургууль, хөтөлбөрийн чанарыг ахиулж олон улсын боловсролын чиг хандлага, олон улсын их дээд сургуулиудтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгохын төлөө манай байгууллага зорьж ажиллаж байна. Их дээд сургуулиудын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гол асуудал нь тухайн сургуулийн төгсөгчидийг олон улсын түвшинд ямар хэмжээнд үнэлж, элсүүлж байна вэ гэдэг асуудал чухал. Бид төгсөгчдийн чанарыг дээшлүүлэх тал дээр их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллах болно.
Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа сайдын бидэнд өгсөн үүрэг даалгавар бол магадлан итгэмжлэх үйл ажиллагааг урагш нь явуулах, их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг эрчимжүүлэх БМИҮЗ-ийг олон улсад нэр хүндийн дээшлүүлэх, Монголын боловсролын чанарыг шинэ шатанд гаргах гэсэн бодлогын даалгавруудыг өгсний дагуу эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
–Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гол үүрэг бол боловсролын байгууллагуудын чанарын асуудал байх. Энэ үүргээ хэр хангалттай биелүүлж байна гэж үзэж байна?
-Манай байгууллага, хамт олны ажлын үндсэн чиг үүргийг 2016 оны дөрөвдүгээр сард батлагдсан Боловсролын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Нэгдүгээрт, Их дээд сургуулиудыг заавал магадлан итгэмжилнэ гэж тусгасан байгаа. Хоёрдугаарт, их дээд сургуулиуд шинээр сургалтын хөтөлбөр нээж байгаа бол урьдчилсан магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ. Гуравдугаарт, их дээд сургуулиудад ангилал тогтоох юм. Энэ нь коллеж байж байгаад дээд сургууль болох, дээд сургууль нь их сургууль болох юм. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийнэ гэж Боловсролын тухай хуульд заасан байгаа. Эдгээр чиг үүргүүдийг хэрэгжүүлээд явж байна.
Манай их дээд сургуулиуд дотооддоо магадлан итгэмжлэгдээд байдаг, гэвч яагаад тэдгээр сургуулиуд нь дэлхийн түвшинд ойртож чадахгүй байна вэ түүнчлэн их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр болон байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр олон улсын байгууллагуудад их хэмжээний мөнгө төлдөг, Азийн топ сургуулиудын эгнээнд хэрхэн багтах вэ, хөтөлбөрөө олон улсад яаж үнэлүүлэх вэ гэх мэт олон сорилтууд байгаа хэдий ч эдгээр асуудлыг шийдэх гарц нь Магадлан итгэмжлэх тогтолцоогоо, БМИҮЗ-ийг үндэсний онцлог, олон улсын туршлагатай уялдуулан хөгжүүлж чадвал манай их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудад олон талын ашиг тустай бөгөөд Их дээд сургуулиудын төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, боловсролын чанар сайжрах болно.
–Их дээд сургуулиудын чанарын асуудал байнга яригддаг. Манай их дээд сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудаас товч дурдвал?
-Монголын боловсролын чанарын асуудлын талаар бид өнгөрсөн 20 жилээр дүгнэж болж байна. CSIC буюу Cybermetrics Lav, Ranking web of universities 2017 үнэлгээгээр МУИС 3100, ШУТИС 4220, ХААИС 5690, МУБИС 7640 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Бид ийнхүү дээд боловсролын чанараараа сулхан байгаа бөгөөд их дээд сургуулиуд олон, 150000 гаруй мянган оюутан суралцаж байна.
Өнөөгийн нөхцөлд төрийн өмчийн их сургуулийн 95 хувь, хувийн хэвшлийн их дээд сургуулиуд бараг 100 хувь сургалтын төлбөрөөрөө санхүүжиж байна. Олон улсын практикт их сургуулиуд төсвийнхөө 30-50 хувийг судалгааны ажлаар олж байх жишээтэй.
Ахисан түвшний сургалтад суралцаж байгаа магистр, докторын түвшний оюутнууд ихэвчлэн ажил хийдэг хүмүүс байдаг бөгөөд ажлынхаа хажуугаар сурч байгаа нь нэг талаараа сайн үзэгдэл боловч яг шинжлэх ухааны мэдлэгийг хүртэж байгаа цаг хугацаа нь дэндүү хомс байна. Ийм ч учраас Монгол Улсаас олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн өгүүлэл, ишлэлийн тоо харьцангуй цөөн байна.
Их дээд сургуулиуд дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоогоо шинэ шатанд гаргавал боловсролын чанарт бодит өөрчлөлтийг бий болгож чадна. Хөтөлбөрийн чанарын үнэлгээг тасралтгүй хийж хаана ямар алдаа гараад байгааг тухай бүр нь олж илрүүлж байвал боловсролд ахиц гарах нь дамжиггүй ээ.
БМИҮЗ-ийн хувьд ч олон тулгамдсан сорилт бий. Жишээлбэл судалгааны их сургуулийг магадлан итгэмжлэх шалгуур шаардлагыг нэн тэргүүнд гаргаж ирэх ёстой. Хаврид-Блэндэд бакалаврын сургалт явуулж буй дээд сургуулийн шалгуур шаардлагыг нарийвчлан боловсруулж хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, тэр дундаа нарийн мэргэжлүүдийг тусгайлсан шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх олон улсын шинжээчдийг бэлтгэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг өөрийн орны онцлог боловсролын байгууллагын цар хүрээнд тохируулан нутагшуулах гээд олон ажил бидэнд байна.
–Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байгуулагдахаас өмнө манайд хувийн их дээд сургууль борооны дараах мөөг шиг олон болсон. Харин 20 жилийн хугацаанд чанарын өрсөлдөөнд сайн нь тунаж үлдэж чадсан болов уу?
-Монгол Улсын шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хувийн сургууль байгуулах үйл явц эхэлж улмаар 1994 онд 39 хувийн сургууль үүсэн байгуулагдсан. 2002 онд их, дээд сургуулийн тоо 185, 2007 онд 170 хүрч байсан бол 2018 онд 96 их, дээд сургуультай болжээ. Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт 2012 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20 сая долларын санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэл төсөл юм. Энэхүү төсөл нь 8 чиглэлд хэрэгжиж байгаа бөгөөд үр өгөөжийг нь тоон үзүүлэлтээр авч үзвэл олон ажил хэрэгжүүлсэн байх. Гэвч тус төслийн өгөөж нь хувийн их, дээд сургуульд хэрхэн тусав, сургалтын арга технологи, багш бэлтгэх процесс, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлсэн байдал, лаборатори, тоног төхөөрөмж яаж нэмэгдэв гээд ярих юм бол асуудал багагүй бий. Хувийн их, дээд сургуулиуд маань өөрийн нөөц боломжоо ашиглан нэгдэж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эргэх холбоо сайтай байж чадсаны хувьд зарим хувийн их, дээд сургуулиуд олон улсын түвшинд анхлан магадлан итгэмжлэл хийлгэсэн тохиолдол ч бий. Одоогийн байдлаар 50 гаруй хувийн их, дээд сургууль магадлан итгэмжлэгдээд байна. Боловсролын системийг тэгш, тэнцвэртэй өрсөлдүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал чухал байна.
–Их дээд сургуулиудын хувьд чанарын хамгийн гол зүйл нь сургалтын хөтөлбөр байдаг. Үүний талаар дэлгэрэнгүй ойлголт хэрэгтэй байна
-Тиймээ сургалтын хөтөлбөр бол чанарын гол үзүүлэлт. Тухайн хөтөлбөрийг боловсруулахдаа оролцогч талууд, мэргэжлийн байгууллага, багшлах бүрэлдэхүүн, төгсөгчид, оюутнаас санал авч оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, чадамжийг тэдний хэрэгцээ шаардлагад уялдуулан суралцахуйн үр дүнг төлөвлөдөг ажил юм. Сургалтын хөтөлбөрийг загвар төлөвлөлт талаас нь харвал дээрээсээ доош чиглэлд, үнэлгээ талаас нь авч үзвэл доороосоо дээш чиглэлд өөр хоорондоо харилцан хамааралтай үйл явц байдаг. Олон улсын практикт онлайн зайн сургалтын систем, сургалт удирдах цогц систем, олон хэлбэрийн заах арга зүй, онлайн болон хамтын ажиллагааг дэмжсэн сургалтын хөтөлбөрүүдэд технологийн дэвшлийг тусгаж байна. Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөөрөө өрсөлддөг үе нэгэнт бий болжээ.
Өнөөдөр Монгол Улсын их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд сургууль сонгохоос илүүтэйгээр ямар сургууль, ямар хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж чадсан вэ, мөн аль сургууль таныг сурах чиглэлээр тэргүүлэх багш, хөтөлбөртэй вэ гэдгийг судалж байж элсэх нь ирээдүйд маш чухал гэдгийг онцлон хэлье. Орчин үед сургалтын маш олон хэлбэрүүд бий болж дэлхий даяаршлагдаж, хүн болгон ямарч хэлбэрээр сурч болох нээлттэй боловсролын платформ бий боллоо.
Энэхүү өөрчлөлттэй уялдуулж боловсролын талаар ярих, бичих сэдвүүд түгээмэл болсон бөгөөд НҮБ-аас боловсролын талаар баримтлах бодлогын өөрчлөлтөө эрчимтэй хийж байна. Бид мөн адил дээрх өөрчлөлтийг системдээ тусгаж, хөл нийлүүлэн хөгжихэд сайн хөтөлбөр сайн багшийн оролцоог өндөрт өргөсөн, чанартай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч мөн олон улсад хөтөлбөрөөр цаашлаад сайн төгсөгч, сайн профессороор өрсөлдөхүйц амбицтай байх нь чухал.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцах нь шилжин суралцах буюу магистр, докторын түвшинд суралцахад олон талын ач холбогдолтой. Боловсролын зээлийн сангаас магадлан итгэмжлэгдсэн сургуульд элсэн, суралцаж байгаа, оюутнуудад 6-8 жилийн хугацаатай хүүгүй зээлийг олгож байна.
Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн хувьд нийгэмд мэргэжилтэн бэлтгэх хариуцлага нь илүү нарийн болох ёстой. Төгсөгч ажлын байранд гараад ямар ажил хийхээс, ажлын олдоц ямар байхаас тухайн сургуулийн нэр хүндтэй шууд холбоотой.
–Олон улсын шинжээчидтэй хамтран ажиллахаар болсон тухай сайхан мэдээ байсан. Энэ нь манай улсад хөндлөнгийн чанарыг түгээх ажлын эхлэл гэж ойлгож болох уу?
-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 20 жилийн түүхэн хугацаандаа олон улсын жишиг рүү явж, олон улсын туршлагыг судлахын тулд энэ түвшинд ажиллаж байсан хүмүүс бидэнд хэрэгтэй. Бид 20 жилийн ойгоо угтан АНУ-ын Бизнесийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтраад Монгол Улсад анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийг бэлтгэсэн. Монголын боловсролын салбарт ажиллаж байгаа эдгээр 50 шинжээчийг гадны улс оронд ажиллах боломж бүрдэж байгаа бөгөөд тэдний сайн туршлагуудыг эх орондоо импортлох боломж бүрдэх юм.
Дараагийн алхам бол Герман, Франц улсуудын олон улсын шинжээчдийг ажлын албандаа урьж ажиллуулж, өөрсдийн магадлан итгэмжлэх процесст сайн туршлага нэвтрүүлэх ажлыг ирэх жилээс эхлүүлнэ.
Цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн сайн туршлагыг хуримтлуулан Монголын их дээд сургуулиудын чанарыг ахисан түвшинд хүргэх зорилго тавьж ажиллаж байна. Үүнтэй уялдуулан энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм, судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Энэ хоёр хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанарыг ахисан түвшинд гаргаж чадна гэж харж байна. Гэхдээ бидэнд сайн баг, чадварлаг мэргэжилтнүүд ус, агаар мэт хэрэгтэй байна.
–Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Монголын боловсролын салбарыг чиглүүлж, залж яваа байгууллага юм байна. Ирээдүйд дэлхийд тэргүүлэгч боловсролын системтэй болохын тулд ямар ажил хийх ёстой вэ?
-Дэлхийн дээд боловсролын хөгжлийн үе шатуудыг аваад үзэхэд 10-11 дүгээр зуунд боловсролын суурь тавигдсан гэж үздэг. Кембрижийн их сургууль гэхэд 1200-аад онд үүсгэн байгуулагдсан байдаг. Харин Монголын боловсролын системийг их сургуулиараа авч үзэхэд дөнгөж 75 жилийн түүхтэй байна. Тэр дундаа магадлан итгэмжлэх байгууллага маань 20 жил болж байна. Цаашид боловсролын системийг олон улсын түвшинд хүргэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Үүний тулд гадаад харилцаандаа анхаарч ажиллаж байна.
Энэ ондоо багтаагаад Ази номхон далайн чанарын баталгаажуулалтын сүлжээ APQN-ээр БМИҮЗ-нь чанараа үнэлүүлнэ. Дараагийн алхам бол олон улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын сүлжээ INQAAHE байгууллагаар өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлүүлнэ. 2022 он гэхэд олон улсын түвшинд чанараа үнэлүүлэх алхмыг хийчихсэн байхаар төлөвлөж байна.
Бидний тэргүүлэх зорилт маань нэгдүгээрт, өөрсдөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, хоёрдугаарт, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын боловсон хүчин бэлтгэж байгаа арга технологиудыг ахисан түвшинд хүргэх, гуравдугаарт, үндэсний мэргэжлийн шаталсан тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж, дээд боловсролтой мэргэжилтэн гэхээсээ илүүтэйгээр, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх явцад дэмжлэг үзүүлэх, Их дээд сургуулийн төгсөгчид олон улсад шилжин суралцахад гардаг хүндрэл бэрхшээлийг багасгах, мэргэжлийн төв байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллах, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагаа байнга сайжруулах зэргээр боловсролын чанарт дорвитой өөрчлөлтүүд гаргана.
Ингээд хорин жилийн хугацаанд бидний ажлыг дэмжиж ирсэн БСШУСЯ, Азийн хөгжлийн банк, үе үеийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ ойн мэнд дэвшүүлье.
Х.Хатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин