Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан ч У.Хүрэлсүхийг дэмжихээ больжээ
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын даргаар сонгогдох үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний багийнхан ихэд дэмжиж, хэвлэл мэдээллийн ба бодлогын туслалцаа үзүүлж байв.
Үүнээс үүдэн улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд ч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран шударга ёсны төлөө тэмцэл хийх байх, аж үйлдвэржилтийн төлөө зоримог шийдвэр явуулах байх гэсэн найдвар байсан билээ.
Харамсалтай нь бүтэн жил гаруйн хугацаанд ямар нэг зоримог шийдвэр гаргаж, үйлдэл хийх нь бүү хэл чухам ямар бодлого баримтлахаа ч тодорхой болгож чадаагүй Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өдгөө огцрох нь үндсэндээ ойлгомжтой болоод байна.
Өөрөө огцрох болонгуутаа ЖДҮ-гийн зээлтэй ямар ч хамаагүй Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулсан нь оройтсон гэхэд дэндүү оройтсон үйлдэл байлаа.
Иймээс ч улс төрийн хүрээний хийгээд нийгмийн дэмжлэг түүнд үгүй болж, МАН-ын дэргэдэх НАМОХ-ы хэдэн банди нар, "Босоо Хөх Монгол", Хон Хэрээдийн Б.Энхбат л У.Хүрэлсүхтэй эцсээ хүртэл хамт гэдгээ тунхагласаар дуусах бололтой.
Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан ч Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг өмгөөлөхгүйгээр үл барам огцорсон нь дээр гэж үзэж буй аж. Ийнхүү Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ба түүний Засгийн Газар огцрох нь тодорхой болоод байна.