ИЗНН: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна
Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий зарим гишүүд УИХ, Засгийн газрыг тараахыг шаардаж гишүүдээс гарын үсэг зуруулж байгаа билээ. Тэгвэл УИХ, Засгийн газрыг тараах нь зөв үү, буруу гэсэн асуултад УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Мөн иргэний нийгмийн байгууллагууд УИХ, Засгийн газрыг тараах шаардлагагүй, тарахыг дэмжихгүй байна гэх зэргээр байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэгвэл улстөрийн намууд ч мөн адил байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.
Тухайлбал Иргэний Зориг Ногоон нам Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тус намаас “Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр дүнд нь шударга ёс тэдэнд ялагдсаар байна. Нийгэм тэсрэхэд бэлэн болжээ. Эрх мэдлийн төлөөх өөр хоорондын толхилцоон нь хэдэн ч Засгийн газрыг огцруулаад үр дүн гаргахгүй бөгөөд төрийн тогтолцооны гажуудлыг засахгүйгээр Монгол төр хэвийн, тогтвортой, хариуцлагатай, итгэлтэй ажиллах боломжгүй юм. Иргэний Зориг Ногоон нам Монгол орны ахуй, ёс заншил, уламжлалыг шингээсэн төрт Улсаа эмхлэх үүднээс өнөөгийн Улсын Их Хурлыг нэн даруй тарааж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нийгмийн давхаргын төлөөлөл оролцсон Түр хурлыг байгуулж, Үндсэн хуулийг шинэчлэх саналаа дахин нотолж байна. Иймд Түр хурлын бэлтгэл ажлыг хангах, нийгэмд тулгамдсан өдөр тутмын ажлаа хуульд зааснаар хэрэгжүүлэхийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгон УИХ сайн дураараа тарах нь зөв гарц болно гэж Иргэний Зориг Ногоон нам үзэж байна” хэмээн гаргасан мэдэгдэлдээ дурджээ.