Орон нутгийн МАН-ын гишүүд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриаллаа
Өмнөговь, Говь-Алтай аймгийн МАН-ын гишүүд, дэмжигчдээс МАН-ын Удирдах зөвлөлд хандан У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн уриалга гаргасан байна.
Уриалгад “Монгол Улсын өнөөгийн улс төрийн амьдралд өрнөж байгаа үйл явдлуудын талаар сумдын намын хороод болон гишүүд, дэмжигчдээс улс орны том эрх ашиг, олон улс дахь нэр хүнд, эдийн засгийн болон засаглалын хямрал үүсэх, намын гишүүдийн эв нэгдлийг хангах чиглэлээр Засгийн газрыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах талаар санал хүсэлтүүд ирж байна.
Иймд МАН-ын даргаар ахлуулсан өнөөгийн Засгийн газрыг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар тус аймгийн сумдын намын хороод, гишүүд, дэмжигчдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авахыг хүсье” гэжээ.