Далай лам ба Хятадын зөөлөн хүчний бодлого
Хятад улс "Бүс ба Зам" санаачилга, цаашлаад Хятадын коммунист нам /ХКН/-ын хүлээн зөвшөөрсөн 15-р Далай ламыг дэмжүүлэх үүднээс даян дэлхийн бурхны шашинтай хүн болгоныг өөртөө татахыг хичээж байна.
Засгийн газар нь "Бүс ба Зам" санаачилгад нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар зэхэж буй өнөөгийн Хятад улс шашин шүтлэг, ялангуяа буддын шашинд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ач холбогдол өгч байна. Нэг талаар, Ши Жиньпин даргатай Хятадын коммунист нам /ХКН/ капиталист Хятад улсад тусгаарлагдсан нийгмийг тэтгэхийн тулд шашин шүтлэгийг ашиглах боломжтой хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Чингэхдээ “Шашин бол хор...Түвд, Монгол хоёр хоёул үүгээр хордсон” гэж Далай ламыг1954 онд Бээжинд айлчлахад чихэнд нь шивнэж байсан Мао Зэдуны байр сууринаас ХКН тэгтлээ бас холдоогүй.
Өнөөгийн Хятадын удирдлага бурхны шашныг дотоодын хямралыг шийдвэрлэх, дипломат харилцаагаа зөөлөн хүчний бодлогоор дэмнэх нэгэн чухал хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь нэгэнт ил харагдах болж. Бурхны шашинт ертөнцийг Хятад удирдаж байна гэх олон улсын хэмжээнд гарсан яриа нь Хятад дахь буддын шашны байгууллагуудад оруулж буй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, буддын шашинтай улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж буйтай холбоотой.
Хятад дахь Буддын шашны шинэ тутам байгууллагууд
Албан ёсны шашингүй орны хувьд Хятад улс буддын шашны билэгдэл, дурсгалд хөрөнгө оруулсаар байна. Тухайлбал, 1996 онд Лингшан дахь Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээж дууссан бөгөөд энэ нь дэлхий дээрх Бурхан багшийн хамгийн том хүрэл сэрэг дүр юм. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд Хайнан мужид Нанхай Буддын академи нээжээ
Лингшаны Буддын ордон
Үүнээс гадна, Хятад улс гурван жил тутам Дэлхийн буддистуудын форумыг зохион байгуулж байна. Их газрын Хятадын буддын шашны найман багшийн санаачилсан гэх энэхүү арга хэмжээний ард Бээжингийн стратегийн сонирхол бий. ХКН-аас томилогдсон Гялцэн Норбу хэмээх 11-р Панчен лам форум бүрт үндсэн илтгэл тавьдаг бөгөөд Хятадын засгийн газар энэ хүнийг Бурхны шашинтай улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж чадаагүй билээ. Энэ жилийн эл арга хэмжээ бурхны шашны "Бүс ба Зам" санаачилгад оруулах хувь нэмрийг хэлэлцжээ.
Буддын шашны зөөлөн хүчний бодлогод оруулж буй хөрөнгө оруулалт
Хятадын засгийн газар "Бүс ба Зам" санаачилгыг “зөөлөн газардуулах” үүднээс Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бурхны шашны өвд зориулж олон сая ам.доллар оруулж байна.
Хятадын Засгийн газрын санхүүжилтээр Бангладеш улсад тус хоёр улсын археологичид нэг мянган жилийн настай Буддын шашны үнэт өвийг олж илрүүлсэн бол Шри Ланкийн нийслэл Коломбо хотод Бадамлянхуа судрын цамхаг барьж өгчээ. Бадамлянхуа цамхаг нь Хятадын тогтвортой, энх тайванч зөөлөн хүчний стратегийн илэрхийлэл юм.
Бадамлянхуа цамхаг
Буддын шашны өлгий нутаг болох Балба улс "Бүс ба Зам" санаачилгыг уухайлан дэмжсэн бөгөөд Бурхан багш мэндэлсэн гэх Лумбини хотыг дэлхийн Бурхны шашинтнуудын мөргөлийн төв болгон хөгжүүлэх төсөлд зориулан гурван тэрбум ам.долларын саналыг Хятад улсаас авсан байна.
Хятадын Засгийн газарт Балбын Лумбини хотыг дэмжих бас нэгэн төлөвлөгөө бий. 2017 онд Лумбини хот 1.55 сая жуулчин, мөргөлчдийг хүлээн авчээ. Хятад улс Бурхан багш гэгээрсэн Бодгаяагаас Бурхан багшийн мэндэлсэн газар болох Лумбини руу 23 сая жуулчныг “урвуулж чадна” хэмээн найдаж байна. Ингэхдээ, 2023 он гэхэд Түвдээс Балбын нийслэл Катманду хот хүртэл төмөр зам татаж, Балба, Түвд, Хятадыг холбосон мөргөлчдийн урсгалыг нээхээр төлөвлөж байна.
Буддын шашны өвд тулгуурласан Хятадын зөөлөн хүчний бодлого нь "Бүс ба Зам" санаачилгыг гараа дэлгэн угтсан бурхны шашинтай улс орнуудыг шагнах зорилготой гэж хэлж болно.
Далай лам ба бурханы шашинд тулгуурласан Хятадын зөөлөн хүчний бодлого
Ирээдүйд ХКН энэхүү зөөлөн хүчний бодлогоороо дамжуулан оруулж буй хөрөнгө оруулалтыг өөр нэгэн зорилгод ашиглана хэмээн найдаж байгаа. Энэ нь Бээжингээс томилогдсон 15-р Далай ламыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго юм. 2007 оноос хойш Бээжин, Түвдийн Бурхны шашин дахь хойд дүр тодруулах ёсонд хөндлөнгөөс оролцох оролдлого хийж эхэлсэн. 2018 оны наймдугаар сарын 18-ны өдөр Гялцэн Норбу Далай ламын хойд дүрийн чигийг тодруулдаг Тэнгэр буюу Лхамо Лхацо нуур орчим ном уншсан нь Хятадын Засгийн газрын сонирхлыг илэрхийлэв.
Тэнгэр буюу Лхамо Лхацо нуур
Хятадын "Бүс ба Зам"-д оруулж буй хөрөнгө оруулалт болон Бурхны шашинд тулгуурласан зөөлөн хүчний бодлого хоёр нэг зоосны хоёр тал юм. Хойд дүр тодруулах ёс олон зууны улбаатай. Бусад хувилгаантнуудын нэгэн адил 14-р Далай лам хойд төрөлд төрөх эсэх, хэзээ, хаана хойд дүрийг тодруулахыг шийдэх бүрэн эрхтэй гэж тэд үздэг.
Эх сурвалж: The Diplomat