Хилс хэрэгт гүтгэгдэж цагаатгагдсан хүмүүс нөхөн олговроо авч ЧАДДАГ УУ?
Анх 2004 онд сэтгэл санааны хохирлыг барагдуулж, 10 сая төгрөг олгож байжээ
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос УИХ-д Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний талаархи 17 дахь удаагийн илтгэлийг өргөн мэдүүлжээ. Одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн, тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр болж буй. Эл илтгэлд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн үеэр хохирсон иргэдийн асуудлыг ч тусгайлан оруулсан байна. Юуны өмнө тэднийг дараагийн орон сууц ашиглалтад ортол түрээсийн байраар хангах нөхцөл бүрдүүлэхийг зөвлөжээ. Ингэхгүйгээр 2013 оноос эхэлсэн дахин төлөвлөлтийн уршгаар орон гэргүй түрээсийн байраар хэсүүчилж яваа 200 гаруй хүн байгаа. Хүний эрхийн зөрчил бол байнга яригддаг сэдэв. Дахин төлөвлөлт ч бас л хүний эрх. Гэхдээ шүүхээр орж цагаатгагдана гэсэн ойлголт байхгүй. Харин хилс хэрэгт гүтгэгдэж, шоронд хоригдож, цаазын ял оноож, эцэстээ цагаатгагдсан тохиолдол ч бий. Энэ хүмүүсийн цагаатгалын сэтгэл, санааны хохирлыг барагдуулж чадаж байна уу? Тийм хуулийн орчин бүрдсэн үү?
Жишээ болгон Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Э-гийн хэргийг дурдахад хангалттай гэмээр. Иргэн Э цаазын ял сонссон ч эцэстээ шүүхээр цагаатгагдан, эрх чөлөөтэй болжээ. Тус комиссоос анх удаа нөхөн олговор төрөөс олгуулахаар “хөөцөлдөж” шийдвэрлүүлсэн дээр өгүүлсэн буюу хүн амины хэргээр ял сонсоод, цагаатгагдсан хүн нь Э юм. Төрөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор түүнд олгож байжээ. Энэ бол 2004 оны үйл явдал. Шүүхээс шийдвэр гаргадаг ч сэтгэл санааны хохирлыг барагдуулахад хугацаа шаарддаг, хуулийн заалтын ээдрээтэй байдал ч нөлөөлдөг бололтой.
Хүн амины хэрэгт сэжиглэгдэн 5 жил хоригджээ
Эмэгтэй О бусадтай бүлэглэн хүн амины хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэн цагдан хоригджээ. Хоригдсон хугацаа таван жил 70 хоног. Эцэстээ бусдын хоморгод өртсөн нь тодорхой болж, тэр цагаатгагдсан. Тэрбээр мөн л Хүний эрхийн үндэсний комисст энэ тухайгаа гомдол гарган хандаж, тус комиссынхон дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөг нэхэмжилсэн ч багассаар 25 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Олгосон нь л их юм боллоо доо гэмээр хуулийн нөхцөл дунд явсан юм билээ.
Хүний эрхийн 17 удаагийн илтгэлд туссан ч ...
Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д жил бүр хүргүүлдэг Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд эдийн бус хохирлыг барагдуулахыг хууль, тогтоомжид нарийвчилж өгөхийг зөвлөдөг ажээ. Гэвч тодорхой шийдэлгүй өнөөг хүрсэн аж. Энэ удаагийн 17 дахь удаагийн илтгэлд ч мөн л дээрх асуудлыг тусгасан. Гэм буруугүйгээ шүүхээс тогтоолгох гэж тухайн хохирсон иргэн багагүй хугацаанд хөөцөлдөнө. Шүүхээс шийдвэр гарангуут хохиролд нэхэмжилсэн мөнгөө авахаар бас л явдал суудал болно. Энэ нь 1-2 жилийн хугацаанд үргэлжилдэг гэхээр бас л хүндрэлтэй. Дараалалд нь өөрчлөлт орох, төсөвт тусгаж хуваарилах мөнгө нь хүрэлцэхгүй гээд бэрхшээл учирдаг байна.
Хүний эрхийн зөрчилд ХЭҮК онош тавьдаг бол УИХ, Засгийн газар “эмчилгээ”-г нь хийх ёстой гэдгийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцолж байсан. УИХ тогтоол гаргадаг боловч хэрэгжүүлдэггүй байсаар өнөөг хүрснийг тус байгууллага байнга сануулж ирснийг бас дахин хэлэхэд буруудахгүй байх.
Манай улс ардчилал, хүний эрхийг байнга ярьж, тунхагладаг. Гэхдээ хилсээр хүнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаад бүр ял оноогоод, сүүлд нь шүүх цагаатгаад, нөхөн олговор өгдөггүй хаядаг байдал даамжирсаар байх нь зөв үү? Хуульчдын хийсэн судалгаагаар манай улсад хэргийн хамсаатан болоод гүтгэгдэж олон өдөр хоногоор ажлаа алдан мөнгө, төгрөгөөрөө хохирон, шүүх, цагдаагийн үүд сахиж, чулуу нясалж суусан олон иргэн гэм зэмгүй болсон ч дахин хохирол нэхэмжлэхээс ихэнх нь цааргалдаг гэсэн судалгаа гаргасан байдаг.
Энэ нь хуулийнхны үүд сахиж залхаан цээрлүүл "эдэлдэгтэй" холбоотой. Үүнийг хүний эрхийн зөрчил гэж үзэх ёстой шүү дээ. Гэвч олон жилийн өмнө байсан, одоо ч байгаа, хойшид ч байхаар шинжтэй. УИХ-д ХЭҮК-оос хүний эрхийн тухай илтгэлийг жил бүр оруулж, тогтоол гаргуулдаг ч хэрэгжилтгүй “архив” болж үлдсээр байх уу гэдгийг хууль тогтоогчид тунгаах цаг болжээ!