Ш.Энхтөр: Өвөл болонгуут л эмнэлгийн хонгилоор ч утаа суунагладаг
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хүн бүр оролцох нь чухал гэсэн сэдвийн дор тэмдэглэж буйг НҮБ-ын Хүүхдийн сан онцолж буй юм. Бид Дэлхийн хүүхдийн өдөрт зориулан бэлтгэсэн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.
-Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд танай төв 500 гр төрсөн нярайг ч хүн болгохоор зорьж байгаа гэсэн?
-Манай улс 500 гр, мөн жирэмсний 22 долоо хоногтой төрснийг амьд төрөлтөд тооцдог. Одоогоор 700 гр нярайг хүн болгосон амжилттай байна. Энэ амжилт бол өндөр техник технологийн л ач тус юм. Өндөр хөгжсөн орнуудад 500 гр төрсөн нярайг ч хүн болгодог. Дутуу төрөлтийн эзлэх хувийн жин дэлхийд 10 хувь байдаг. Манай улсад дутуу төрөлтийг хүлээн авч эмчилдэг цорын ганц тасаг манайд байдаг. Бид 2012 оноос дутуу нярайд зонхилон тохиолддог уушгины эмгэгшлийг эмчилдэг сурфактанд эмчилгээ хийж эхэлсэн. Үүний зэрэгцээ дутуу төрсөн болон уушги дутуу хөгжилтэй нярайг эмчлэх явцад хараа, мэдрэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болох, тархи, уушгины өвчлөл удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг. Бид энэ бүхнийг эрт оношилж, үндсэндээ дутуу төрсөн нярайн эмгэг бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг цэгцлээд байна. Түнхний мултралыг эхо аппаратаар оношилсон даруйдаа хөнгөхөн сойлт хийхэд сарын дотор хэвийн болж байна. өмнө нь 2-3 насанд нь буюу хожуу оношлогддог, 2-3 хагалгаанд ороод ч насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлддэг байсан шүү дээ. үүнийг л нярайн эрт үеийн илрүүлэг гэдэг.
ЭХ, НЯРАЙГ АРЬСААР НЬ ШҮРГЭЛЦҮҮЛЭХ ВАКЦИН ХИЙХЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ
-Эх, нярайн эндэгдлийг бууруулахад бусад энгийн тусламж үйлчилгээ хэр зэрэг ач холбогдолтой вэ?
-Нярайн эндэгдлийг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Тийм ч учраас нярайн эрт үеийн буюу төрснөөс хойш хоёр, 24, 72 цагийн дотор үзүүлэх тусламж үйлчилгээнд онцгой анхаарах нь эндэгдлийг бууруулах нэг том арга хэрэгсэл болдог. Дөнгөж амаржсан эх, төрсөн нярайд заавал үзүүлэх энгийн тусламж үйлчилгээ маш тодорхой байдаг. Энэ бол хөрөнгө мөнгө шаардахгүй үйлчилгээ. Тухайлбал, эх, нярайг арьс арьсаар нь шүргэлцүүлэх, төрсөн даруйд нь нярайг амлуулах гэх мэт. Өмнө нь хүүхдийг төрөнгүүт жинлэж, вакцин тарьдаг байсан бол одоо эх хүүхэд хоорондоо харьцаагаа бүрдүүлж, ангир уургаа нярай амласны дараа бусад клиник үйлчилгээ үзүүлж байна. Төрөнгүүт нь вакцин хийснээс хүүхэд маш их стресс авч, уйлдаг үүний улмаас хөхөө амлах рефлекс нь саатдаг. Цаашлаад ходоод гэдэсний замд нөхцөлт эмгэг төрүүлдэг нянгууд идэвхжих эрсдэл үүсдэг. Тиймээс нярайн ходоод гэдэсний хамгаалах тогтолцоог нь бүрдүүлэхэд нэг дусал ангир уураг ч атугай өгмөөр байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эх, хүүхдэд нэн чухал ач холбогдолтой үйлчилгээний дараалал хүртэл шинжлэх ухаанч, хүнийхээ сайн сайханд чиглэдэг болсон. Тиймээс төрөх өрөөний дулаан байнгын 20 градусаас дээш байх, эх, нярайг дааруулахгүй гээд эмнэлгийн удирдлага хүртэл анхаарч байгаа.
-Жирэмсэн үеийн болон төрөлтийн хүндрэлээс сэргийлж, сэтгэл зүйгээ бэлтгэх, төрөлтөө өөрөө удирдах боломж эхчүүдэд их бий. Гэвч хяналтын эмч нар эм бэлдмэл, витаминуудыг бөөн бөөнөөр бичиж өгдөг, жирэмсэн эх өөрөө хэн нэг эмч, эх баригчид мөнгө өгчихвөл санаа зовохгүй төрнө гэсэн ойлголттой яваад байна л даа?
-Залуу үе маань зөв хандлагатай байвал монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна. Хүн эцэг, эх болохын тулд өсвөр наснаасаа бэлтгэгдэх ёстой. Тийм учраас үүнд зориулж 10-19 насны охид, хөвгүүдэд нөхөн үржихүй эрүүл мэндийн боловсрол олгож, гэр бүлээ төлөвлөх нь чухлыг ойлгуулдаг. Мөн жирэмсний явцад хамгийн багадаа зургаан удаа өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад үзүүлсэн байх ёстой. Үзлэг, үйлчилгээ чанартай байж, төрөлт ойртох тусам жирэмсэн ээж бие махбодоороо бэлтгэгдэхийн сацуу эмчээр хэлүүлэлтгүй төрөх үйл явцын шат дарааллыг маш сайн мэдсэн байх ёстой. Харамсалтай нь, энэ тал дээр маш хангалтгүй байна. Төрөлтийн өвдөлт 10-12 цаг үргэлжилдгийг жирэмсэн эх өөрөө мэдэхгүй учраас миний өвдөлтийг намдаасангүй гээд дээгүүр, доогуур гомдол мэдүүлдэг. гэтэл төрөх үеийн өвдөлт хүүхдийн амин чухал эрхтнүүдийг шинэ орчинд гарахад нь бэлтгэж байгаа жам ёсны үйл явц. Хүүхдийнхээ төлөө өвдөлтөө даваад гарах сэтгэхүй ээжид байхгүй байна. Энэ мэт хувь хүнээс шалтгаалах маш олон зүйл байгаа шүү дээ. Үүнээс гадна мэдээж жирэмсний хяналтын үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна.
ЭХЭМҮТ орон нутагт хүүхдийн эмч үнэгүй бэлдээд өгөх боломжтой
Мөн ДЭМБ, НҮБ-ын хүн амын сан, манай эх барихын практикт баримталдаг зарчмаар бол төрөх явцыг төлөвлөж, төрөлтийг эмч удирдаж, эх баригч, нярайн эмч заавал байна гэсэн хатуу дүрэмтэй. Гэтэл орон нутагт хүний нөөцийн хомсдолоос болж эх баригч төрөлт удирдаж байна. Ингэснээр эхэд ч, шинэ төрсөн нярайдаа ч хүрч ажиллаж чадахгүй, эрсдэлтэй байдал үүсэх нь ч бий.
2016 ОНД БАГА НАСАНДАА ЭНДСЭН ХҮҮХДИЙН 66.6 ХУВИЙГ СЭРГИЙЛЖ БОЛОХ БАЙСАН
-Сүүлийн үед шулуун гэдэсний төгсгөл нь битүү, гүйцэт тээлттэй атлаа уушгигүй хүүхдүүд төрж байгаа талаар сонсогдох боллоо. Төрөлхийн хөгжлийн гажигт ямар өвчнүүд зонхилж байна вэ?
-Статистикаас харахад төрөлхийн хөгжлийн гажиг ихсэх хандлагатай байна. 2015 онд тав хүртэлх насны 1000 хүүхдэд эзлэх төрөлхийн хөгжлийн гажиг тав байсан бол 2017 онд 8.3 болж нэмэгдсэн. Цусны эргэлтийн тогтолцооны төрөлх гажиг, сэтэрхий уруул, тагнайтай, яс, булчингийн гаж хөгжилтэй, мөн нүүрний гаж хөгжлийн тохиолдлууд тэргүүлдэг. Бид энэ бүх болзошгүй эмгэгийг хэвлийд байхад нь илрүүлж, оношлоод мэс засал хийж байна. Тухайлбал, хүүхэд хэвлийн ханагүй байгааг ураг үед нь илрүүлж, төрөнгүүт нь нярайн гэдэсний ханыг нөхөх мэс засал хийдэг. Мөн нярайн зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийг ядахдаа өөрсдийнхөө түвшинд хийдэг болъё гээд зүрхний тосгуур хоорондын таславч (цоорхой)-ийг битүүлэх мэс заслын чадавхаа бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Уушгигүй хүүхэд төрөөд байгаа нь үнэн юм уу?
-Үнэн. Гэхдээ тун цөөхөн тохиолдол байна.
-Шалтгаан нь юу вэ. Агаарын бохирдол уу?
-Агаарын бохирдлоос болж нас бараад байгааг тогтоосон судалгаа байдаггүй. Гэвч ингээд хэлэхээр сошиал орчинд эх захгүй дайралтад өртдөг. Тиймээс мэргэжлийнхний дунд л яригддаг. Харин уушгины үрэвслээр нас барахад нөлөөлж байгаа хүчин зүйл агаарын бохирдол мөн. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёрт нян, вирусээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл ордог. Үүнээс гадна тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хоол тэжээл, эцэг, эхийн асаргаа сувилгаа, өөрийнх нь дархлаа, суурь өвчлөл зэрэг уушгинд үрэвсэл үүсэх, өвчин нь хүндрэх нэг нөхцөл болж байна.
-Саяхан хүртэл эхсээс PM2.5 тоосонцор илрүүлсэн судалгаа Британийн эрдэмтэд хийлээ л дээ. Тэгвэл агаарын бохирдол уушгины хатгалгаанд нөлөөлж байгаа хэр зэрэг том шалтгаан бэ?
-Өвлийн цагт нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Чи анзаарсан бол би цонхоо дөнгөж онгойлгоод байна. Энэ өрөөнд амьдралынхаа хэдэн цагийг өнгөрөөдгийн хувьд агаарын солилцоо явуулмаар байдаг. Гэтэл өглөө ирэнгүүтээ цонхоо нээх аргагүй байх юм. Өвөл ид утааны үеэр заримдаа автобуснаас буугаад өгсүүр замаар ажил руугаа алхахад хэд хэд зогсдог. Харин утаагүй үед зүв зүгээр алхаад л ороод ирнэ. Өвөл болонгуут эмнэлгийн хонгил руу утаа суунагладаг юм. Тиймээс нэг л зүйлийг бод. олон хүүхэд энд эмчлүүлж байна. Тухайлбал, уушгины хатгалгаатай хүүхдийн өрөөний агаар цэвэрхэн байх ёстой. Гэтэл утаатай байгаа нь ядаж л эдгэрэлтийг удаашруулна. хүнд агаараар амьсгалж, ханиалгаад байгаа учраас тав хоноод тэнхрэх байсан хугацааг 10 хоног болгох жишээтэй. Амьсгалын замын аллергоз гэж бүлэг өвчин бий. Үүний нэг нь гуурсан хоолойн багтраа буюу астмын тохиолдол ч гэсэн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Өвөл нь утаа тортог, зуны цагт гудамжны бужигнасан тоосоор амьсгалахаар амьсгалын замын эрхтнүүд үргэлж цочирно. PM2.5 зэрэг тоосонцрууд уушгины хялгасан судсаар дамжаад цулцанд очиж, тэндээсээ завсрын эдэд очих, мэдээж хэрэг гаднын биет учраас анагаах ухааны ерөнхий зүй тогтлоор хамгаалалтын эс буюу макрофаги бий болж идэж устгах явц бий болсон л үзэгдэл шүү дээ. Үүнийг өндөр хөгжсөн орнуудын судалгаанд харуулсан байдаг. Гэхдээ уушгины үрэвслийн хэдэн хувь нь PM2.5 тоосонцор, пневмококкын вакцины дархлаажуулалтаас шалтгаалж буйг тогтоогоогүй байна.
-Бага насны хүүхдүүд ямар шалтгаанаар эндээд байна вэ?
-Манай тандалт, судалгааны алба 2012 оноос эх, хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл, бодлогын арга хэмжээний судалгаа мэдээлэлтэй гарын авлага шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад зориулж гаргасан. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 47 байгууллагаас мэдээллийг нь цуглуулж нэгтгэсэн юм. Одоогийн байдлаар Монгол Улсад жилд 1400 орчим хүүхэд тав хүртэлх насандаа эндэж байгаагийн 200-гаад нь буюу 17-18 хувь нь осол гэмтлээр нас барж байна. Эв эрүүл, сав саруул өсөж байгаа хүүхдүүд зам тээвэр, муу усны нүх болон гол руу унах, халуун тогоо зэрэг ахуйн ослоор, гэмт хэргийн золиос болж эндэж байгаа нь байж болохгүй зүйл юм. Тиймээс үүнд салбар дундын хамтын ажиллагаа хамгийн чухал байна. Машин барьж яваа аав хүүхдээ өвөр дээрээ суулгасан, хажуугаар нь утсаар ярьж, зарим тохиолдолд тамхи асаах гэх мэт зэрэг үйлдэл хийж явдаг жишээ тааралдаж байна шүү дээ. Энэ бол дэндүү тэнэглэл.
-Үнэхээр харамсалтай юм, осол гэмтэл бол урьдчилан сэргийлж болох шалтгаан. 1400 эндэгдлээс ер нь хэчнээн нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан бэ?
-Та маш чухал асуулт тавилаа. Сэргийлж болох нас баралт гэсэн ойлголт бий. Эндэх ёсгүй өвчнийг хэлдэг юм. Харамсалтай нь, өнөөдөр монголд маш олон сэргийлж болох нас баралтаар хүүхдүүд, иргэд маань эндээд байна. ганц тоо хэлье. Улсын хэмжээнд 2016 онд 1628 хүүхэд тав хүртэлх насандаа эндсэн. Үүний 1084 буюу 66.6 хувь нь сэргийлж болох нас баралт байсан. ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан сэргийлж болох нас баралтын жагсаалтад дэлхий дахинд уушгины үрэвсэл буюу хатгалгаа, суулгалт өвчин, осол гэмтлийг оруулсан. Монголд ч гэсэн энэ гурван шалтгаанаар дийлэнх хүүхэд эндэж байна. Үүн дээр принатал буюу нярай үед үүссэн эмгэг ордог. манай тандалт судалгааны төвөөс шалтгаан бүр дээр нарийвчилсан тоо гаргасан тул үүнийг ашиглаад уушгины үрэвсэл, суулгалт өвчнийг багасгахын тулд бодлого, тусламж үйлчилгээгээ хаашаа чиглүүлэх боломжтой нь гараад ирэх юм.
-Эрүүл мэндийн асуудлыг эмч нар, эмнэлгүүд шийдэх ёстой гэсэн хандлага байсаар л байна. Энэ буруу хандлагыг яаж өөрчлөх вэ?
-1990-2015 онд хэрэгжсэн мянганы хөгжлийн зорилтод хүрч, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар дангаараа зүтгэсэн гэж би хардаг. 2030 он хүртэл хэрэгжих тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн салбараас мөн л эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад голлон анхаарч байгаа. Онцгойлон санаа зовоож буй зүйл бол энэ зорилтоо биелүүлэхийн тулд эрүүл мэндийн салбар дангаараа чадахгүй. Салбар дундын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоо туйлын чухал. Тийм ч учраас эрүүл мэнд, боловсролын салбар хамтран сүүлийн жилүүдэд тасалдаад байсан эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д дахин орохоор боллоо. Хүнд өвчин туссан хүнийг эмчлэх арга технологийг сайжруулах ажил салбарын хэмжээнд явж байгаа. Гэтэл заавал өндөр технологи шаардахгүйгээр, хүн өвчлөлөөс сэргийлж болдог. Ер нь хувь хүн эрүүл амьдрах дадал зуршилтай болж, урьдчилан сэргийлэх нь одоо чухлаар тавигдаж байна. Энэ бол бага зардлаар маш олон хүндрэлээс сэргийлэх боломж. үүнийг бүрдүүлэх нь эрүүл мэндийн салбарын бие дааж шийдэх асуудал биш.
ОРОН НУТАГТ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
-Танай төвийн ачаалал эрс нэмэгдэхийн хэрээр хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа байх. Цаашид үүнийг бодлогын хувьд шийдэхээр төлөвлөсөн ажил бий юу?
-Өвчтөн, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх нь манай салбарт тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн. Олон жил ярьж байна. Манай төв одоогоор хүүхдийн эрүүл мэндийн 25-26 чиглэлийн нарийн мэргэжлийн, өндөр технологи бүхий тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр үйлчилгээний тасаг улсдаа ганцхан байгаа, тэр нь манайд төвлөрч буйгаас л энэ бүх хүндрэл үүсээд байгаа юм. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг өргөжүүлж, төрөлжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх асуудал сүүлийн үед салбарын хурал зөвлөгөөн дээр нэлээд өндрөө авч ярих болсон. Ингэж байж хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Манай үзүүлж буй 25-26 үйлчилгээнээс ядаж 5-6 төрлийг орон нутагт бий болгох хэрэгтэй. Үнэндээ орон нутагт нярайн кабинет байгуулахаас өөр ямар ч аргагүй байна. Тэнд байхгүй учраас л наашаа гүйгээд байна шүү дээ. Хүүхдэд зонхилон тохиолддог өвчнүүд болох амьсгалын замын, хоол боловсруулах, мэдрэл, ерөнхий мэс засал, нярай, сэргээн засах эмчилгээ хийх чадавхтай болгоё гэж бид зорьж байгаа юм. Гэтэл одоо өвөл амьсгалын замын өвчлөл нэмэгдэнгүүт л хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй оволздог атлаа зун болохоор яг үнэндээ хоосон, илүү зардал болоод байна шүү дээ. Ядаж сэргээн засах тусламж үйлчилгээг хийж сурах хэрэгтэй. Тухайлбал, уушгины хүнд үрэвслээр өвчилсөн хүүхдийг эмнэлэг 7-10 хоног эмчилж гаргадаг. Үүний дараа үргэлжлүүлэн бүрэн гүйцэт эмчлэх, биеийн байдалд нь оруулах хэрэгцээ их байна. Өвөл хүнд өвдсөн хүүхдийг зун нь сэргээн засаад байвал дараа жил нь ханиад хатгалгаанаас эхлээд өвчлөх нь бага болно шүү дээ. Бид үүнийг л хүсээд байгаа юм.
-Яагаад ажил хэрэг болохгүй байна вэ?
-Энэ асуудлыг хүүхдийн зөвлөгөөний үеэр ярихад зарим дарга ойлгохгүй байна. Уг нь шинээр тасаг байгуулах шаардлагагүй юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хүүхдийн 50 ортой тасаг байлаа гэхэд амьсгал, хоол боловсруулах, мэдрэл, нярайд зориулан гээд тус бүрт нь 8-10 ор гаргаж, тасаг доторх нөөцөө зөв хуваарилахад л болно. Шаардлагатай мэргэжилтнийг нь бид үнэ төлбөргүй сургаад өгнө шүү дээ. Энэ боломжийг ашиглаад санаачилгатай ажиллаж байгаа орон нутаг бий. Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд хэдэн жилийн өмнөөс өвчлөл, эмчилгээний бүтэц нь том хотын шинжтэй болж байгааг тооцоод нярайн тасаг байгуулсан. одоо дахиад бусад эмчилгээний тасаг байгуулахаар зөвлөгөө аваад, захиалга өгөөд явж байна. Яг ийм байдлаар төвлөрлийг сааруулбал эмнэлгийн чанар, хүртээмж, хүлээгдэл сайжирна.
Эх сурвалж: zgm.mn