Гуравдугаар ээлжийнхнээ хооллох, 30 дахь Ерөнхий сайдын зургийг хананд үлдээх МАН-ын албан бус 32-ын бүлгийн засгийг огцруулах операцийн эхлэл нь Д.Хаянхярваагийн бланк дээрх нэр бүхий 27 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөрхөн өргөн барьсан явдал. Энэ бол Монголд хачирхам үзэгдэл биш бөгөөд 1991 оноос тоолбол 27 жилийн хугацаанд 16 дахь засгаа унагаах гэсэн улс төр юм.
Ердөө хоёр жилийн хугацаанд хоёр засгийнхаа хойдохыг уншиж буй Монголын анхны улс төрийн институц ийнхүү ирэх 2021 онд зуун жилийнхээ ойг гудамжинд тэмдэглэх нь ойлгомжтой болж байна.
Засаг огцрох нь улс төрийн гэхээсээ эдийн засгийн хувьд ашигтай байдаггүй, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл бүгд зогсдог, төрийн аппарат дагаад хөдөлдөг, төр тогтворгүй болдог. Энэ өнцгөөс харвал нефтийн үйлдвэр барьж, цэвэрлэх байгууламжийг шинэчилж, Тавантолгойг хөдөлгөх У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх мөрөөдөлтэй хамт Монголын том төслүүд ч дагаад талаар болж магадгүй.
Гэвч, тэр засгийн тамгаа өгсөн ч түүнд намын тамга нь үлдэнэ. УИХ-д албан ёсоор 64-ын, албан бусаар 32-ын бүлэгтэй тэрбээр эрх барьж байгаа том намын том дарга. Энэ нь юу гэвэл, Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцож чадаагүй бол намын даргын хувьд тэр намын гишүүдтэйгээ хариуцлага ярьж болно. Хэрэв У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх хүсэл нь хэвээр байгаа бол өнөөдрийн улс төрийн хямралыг улс орны хөгжлийн гарц болгож болох хөзөр түүнд байгаа гэсэн үг. Учир нь, олон жилийн турш өвөр нэгдсэн улс төр, бизнесийн бүлэглэлийг ялгаж, салгах цаг нь яг одоо л Монголын улс төрд ирж байна.
Товчхондоо, улаан, цэнхэр тугаас илүү ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо цаашдаа явах цаг нь болжээ, МАН-ын хувьд.
Жижиг дундын дуулиан бол МАН-ын 32 бүлгийнхэн 33-ын засгаа онхолдуулах сайхан далим болсноос биш улс орны хувьд чухал олон асуулт нь энэ дүйвээнээр хариултгүй үлдэж байна. Арилжааны банкаар дамжуулан олгож ирсэн зээлийг сан хариуцсан сайдын шууд хамааралтай болгосон нь Ж.Эрдэнэбатын засаг. Одоо л нүүрээ дарцгаагаад 32-ын “хулгайчид” нь 33-ынхаа “хулгайч”-чдыг зааж чичлээд байгаа болохоос, адилдаа адил годилдоо годил.
Жижиг дунд үйлдвэр тойрсон дуулиан бол өнгөрсөн 27 жил улс төр, бизнес цус холилдож ирсний нэгээхэн бэлэн жишээ. Баримтууд бэлэн, авсан өгсөн нь ч нэр зүстэйгээ. Зарим нь засаг огцруулна гэж тууж явах жишээний. ЖДҮ-ийн зээлээс тэрбум төгрөг “хусчихсан” М.Ундармаа, Н.Оюундарь нарын хувьд засгаа унагаах зургаан үндэслэл бүхий зарчим ярьж байгаа нь өөрсдийнх нь мөн чанартай үнэндээ авцалдсангүй. Уг нь тэд засгийг огцруулахаас илүү уучлалт гуйгаад гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан бол улс төрийн болоод бизнесийн карьерт нь ядаж л нэмэртэй байлаа.
Тусгай сан бүгдийг ухвал нэр цэвэр хүн МАН-д үлдэхгүй гэж мөрийцсөн ч болно. Учир нь, УИХ-ын төсвийг хяналттай болгож, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгоогүй цагт У.Хүрэлсүхийг хэн нэгнээр солилоо гээд иргэдийн хүсч байгаа шударга нийгэм бүрэлдэхгүй юм. Цаашдаа төр, бизнесээ, нам бүлэглэлээ ялгаж салгахгүй бол зөвхөн МАН-ын гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орно. Засаг огцруулах гээд зогсч байгаа гишүүдийн дунд Монголын толгой баячуудын хүүхдүүд Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар байна. Өрөвдмөөр өв залгамжлагчид. Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбумыг авчихсан гишүүд ч гар, хөлийн үсгээ зурж. Зарим нь бүр төсвийн мөнгөөр өөрийнхөө уурхай руу цахилгаан станц татуулах мөнгө суулгачихсан гээд бод доо.
Засгийн газрыг огцруулснаар МАН-ын хэрүүл намжихгүй. Тэдний жинхэнэ бөгөөд гол тулаан урд нь үлдсэн. Тэр тусмаа төрийн ордны зодоон нь намын ордондоо шилжинэ. МАН-ын бизнесийн бүлэглэл нь дийлэх үү эсвэл жирийн гишүүд нь ялах уу. Мөнгө үү, үнэт зүйл үү. Үзэл баримтлал уу, өнгө үү?
Яг үнэндээ энэ цаг мөчид МАН улс төр бизнесээ, үнэт зүйл ба өнгө мөнгөө ялгаж авбал амьд үлдэнэ. Үгүй бол зуун жилийнх нь ойгоор зул өргөхөд хүрэх буюу.
Эх сурвалж: news.mn