Нэг жил гаруйхан үүргээ гүйцэтгэж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар Д.Хаянхярваа тэргүүтэй хэдэн нөхөд шуугиан тарьж эхэллээ. Тэгвэл Засаг унахаар дараа нь юу өрнөх вэ? Бодож үзсэн хүн байна уу?
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийгөө буруудаж, сандлаа “гурван хөлтэй” болж байгааг мэдсэн М.Энхболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэрсийг дэлгэж, хариуцлага тооцсонгүй гэх халхавчаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах оролдлого хийв. Уг нь хөөрхий, УИХ-ын даргын суудлаа хамгаалах, улмаар МАН-д гишүүнээр үлдэхийн төлөөх тулаан эхлүүлж байгаа нь энэ. Ингэхдээ Д.Хаянхярваагаар тугаа хийж, “Дараагийн Ерөнхий сайд” хэмээн хөөргөн, өмнөө тавьсан нь өдгөө улс төрд ассан галыг улам хөгжөөж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээр завдаж эхэллээ.
Д.Хаянхярваагийн хувьд сэрүүн зүүдэндээ Ерөнхий сайд болж, улмаар “мөрөөдлийн” танхимаа бүрдүүлэхээр дайрсан нь бас чиг чамгүй амжилттай. Яагаад гэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт өдгөө ажиллаж байгаа Ц.Цогзолмаа сайд, сайдаар ажиллаж асан Ж.Бат-Эрдэнэ нарын гарын үсгийг авч чадсан гэхээр амжилттай гэхээс өөр хэлэх үг үл олдоно. Сайдын суудалд байж байвал юугаа ч өгөхөөс буцахгүй үхэлдэж байгаа Ц.Цогзолмаа чухам ямар учраас энэ замыг сонгов, одоо салбарынхан нь хэнд итгэж, хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал ч үүсч байна.
Харамсалтай нь, Д.Хаянхярваагийн цуглуулсан гарын үсэг 27-д хүрээд гацжээ. Яахав, дээр нь эрх ашгийн төлөө үхэхээс буцахгүй АН-ын бүлгийн ес ирээд ч нэмэргүй болчихлоо. Бодоход парламентад сул яваад байгаа О.Баасанхүү, С.Жавхлан нарыг уруу татаж, 38-д хүргэх төлөвлөгөө хийсэн байх. Эрх биш өөрсдөө эх орон, ард түмэн хэмээн имижээ бүрдүүлж, УИХ-д орж ирсэн, ард түмэн ч бас эх оронч гэж итгэдэгО.Баасанхүү, С.Жавхлан хоёр арай ч засаг төрөө тараан бутаргах тухай бодохгүй байх. Тэр хоёр эх орон, ард түмнийхээ өмнөөс босохгүй байх. Яагаад гэхээр өнөөдөр эх орон, ард түмний эрх ашгийн төлөөх тулаан л явж байна шүү дээ. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа Засгийн газрыг унагаах тухай ярина гэдэг улс эх орон, ард түмнийхээ өмнөөс шүлсээ хаяж байгаатай адил зүйл гэдгийг эрх биш тэд мэднэ.
Ийм завхарсан парламент, Засгийн газрыг хэн ч хүсээгүй, тэр тусмаа өөрсдийг нь бүр далд орохыг хүсэмжилж байхад өөрсдийнхөө талд ашигтайгаар эргүүлэх гэж тал талд огцруулах, эс огцруулах тухай шоудах нь илүүц хэрэг. Шууд л бүгдээрээ гарын үсгээ зурж, огцрох нь огцроод, явах нь явчих цаг хугацаа хангалттай өнгөрсөн ч заавал өнөөдөр, яагаад ганц нэг олигархийн сандал суудлын төлөө сөхрөх ёстой гэж. Тарах нь тараад, огцрох нь огцорно биз.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа гэж үзэхэд олон асуудал тосч уулзана. Шинээр бүрэлдэх Засгийн газар хуулийн хугацаандаа буюу 45 хоногт хэзээ ч бүрэлдэхгүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Хамгийн наана авч үзэхэд У.Хүрэлсүхийн бүлэглэл дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж яарна гэж үү? Хэзээ ч үгүй. Хуулийн хугацаанд буюу 45 хоногт Засгийн газраа бүрдүүлж чадаагүй УИХ өөрөө тарах эрх зүйн үндэслэлтэй. М.Энхболд унагааж чадаж байхад парламентийн суудалтайгаа үхэлдэн зууралдаж байгаа нөхдөд эргээд занга тавих боломж нь У.Хүрэлсүхэд бас 100 хувь бий.
Өдгөөгийн Ерөнхий сайд дан дээлтэйг хэлэх үү, бүлэглэлээрээ УИХ-ын чуулганы хуралдааныг бойкот хийхэд болохгүй зүйл алга. УИХ дахь сөрөг хүчний хувьд алгаа ташин хүлээн авна уу гэхээс буруушаахгүй. Үүнээс гадна Монгол Улс өнөөдөр төсвөө баталж чадахгүй, Ерөнхийлөгч хориг тавьчихсан байна. Төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах хууль эрх зүйн үндэслэлтэй. Энэ бүх эрх зүйн орчинг У.Хүрэлсүхийн тал мэдэхийн дээдээр мэднэ. Өнөөдөр “УИХ таръя, Засгийн газрыг огцруулъя” хэмээн тунхаглаад байгаа хүмүүст УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах ямар ч сонирхол байхгүй. Гагцхүү М.Энхболдын эрх мэдэл, суудлыг хадгалж үлдэх л ажиллагаа явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм явцуу, өчүүхэн эрх ашгийн төлөө эх орон, ард түмнээ нулимж болдог юм уу гэж одоо л харин асуумаар байгаа юм.
Хамгийн аюултай нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын “хаан” болохоор зүтгэж байгаа Ерөнхийлөгчийн засаглалыг хүлээн зөвшөөрч байгаагаас өөрцгүй зүйл болно. Эрх баригчдын энэхүү зодооныг Ерөнхийлөгч тун тааламжтайгаар ажиглаж суугааг хэлэхэд илүүдэх юун. Сиймхий, орон зай гарвал шийдсэн мэхээ хийхээр бэлтгэлээ базааж байгаа Ерөнхийлөгчтэйгөө санах учиртай.
Тэгэхээр солгой гарын Ерөнхийлөгчид энэ улсын хувь заяаг даатгаж орхисноос “Жидүүчин” ч гэсэн 76 толгойд даатгах нь улс орны ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Эрх биш улс орон, ард түмнээ гэсэн нөхөд энэ парламентад цөөн ч гэсэн байгааг үгүйсгэхгүй. Төр засаг, нийгэм, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нөхдөд эргээд хариуцлага тооцох эрх зүйн орчин ч бий. Хамгийн наад зах нь 2020 онд сонгогч олон энэ бүхэнд чинь дүн тавина. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж суугаа нөхдийн дунд Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан долоон сайд асан нөхөр зогсож байна. Монголын төр тэдний өшөө хорслоо тайлдаг талбар биш шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Тэгэхээр өнөөдөр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зураад явж байгаа нөхөд сайдын суудал бүү хэл парламентийн гишүүн ч үгүй үлдэх ажлаа өөрсдөө хийж байна. Иргэдийн арга ядсан сонголт дээр дөрөөлж гарч ирсэн шинэковууд бүр ч сураггүй болно гэхээр тэдэнд айдас байж л таарна.