Нэг машиныг 30-40 минут шалгаж, хилээр нэвтрүүлэхээр болжээ
ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна. Хятадын талтай уулзалт хийж, тээвэр зохицуулалтын хэд хэдэн шийдэлд хүрч, хэрэгжүүлж эхэлжээ.
Нүүрс таталтыг Хятадын талаас хийж эхэлсэн бөгөөд Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул программ хангамж шинэчлэгдтэл нэг машиныг хилээр шалгаж нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-40 минут шаардагдах юм байна. Тиймээс цуваанд очерлож буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, программдаа давхар шивэх арга хэмжээг Хятадын талаас авч байгаа бөгөөд татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо байна.
Мөн тус ажлын хэсгийнхэн урт цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замаар 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна.
Ингэснээр урсгал сөрж, аваар осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шуурхай зохицуулалт хийж байгаа юм гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.