Бид Африкийн араас орж байгаа юм байна
Одоогоос 11 жилийн өмнө Ш.Пүрэвсүрэн "Өдрийн сонин"- өгч байсан ярилцлагаа дахин хүргэж байна. Одоо ч байдал тэр үеийнхээс бүр шал дордсон байх юм.
-Сайн явж байна уу? Явсан газраар сонин сайхан их үү?
-Наадмын хоёр дахь өдрийн өглөө эх нутгаасаа явах жаахан тиймэрхүү л байлаа, гэвч яахав ажлын шаардлага хойно. Африкийн баруун эрэгт орших Гана улсад зохиогдсон “Байгаль орчны бодлого судлал, технологийн асуудлаархи” олон улсын анхдугаар их хуралд оролцоод ирлээ. Таван тивийн тавь шахам орны 300 гаруй эрдэмтэн судлаачид, төрийн болоод төрийн бус байгууллагын хүмүүс оролцсон нилээд том хурал болж өнгөрлөө. 5 өдөр хуралдаж, дараа нь тэндхийн алтны уурхайнуудаар явж үзлээ.
-Монголчууд өнөөдөр явахгүй газар очихгүй орон гэж үгүй болжээ. Та ч бас нилээдгүй олон орноор явсан тухайгаа “Миний орчлон ХХ зуун” номондоо бичсэн мөн тухай бүрдээ манай сонинд цуврал нийтлэл гаргадаг байсан.
- Би бүр хар багаасаа тэнэх дон шүглэсэн хүн л дээ. Туруун сумын хэдэн өвгөн жолооч нар намайг андахгүй дээ. Хүүхэд байхдаа буцаад ирнэ л гэвэл хаашаа ч хамаагүй явах машины тэвшинд нуугдаж суучихаад заримдаа баригдаж бөөн юм болдог байсансан. Хурааж цуглуулсан нэг их мөнгө хөрөнгөгүй атлаа таван тивийн 50 гаруй улс орноор явжээ. Үүнийгээ би их ховор аз завшаан гэж бодож, залбирч явдаг юм шүү. Сая Лондонд хараар ажиллаж амьдардаг нутгийн хэсэг хүүхдүүдтэй уулзаад ярьж байсан чинь нэг залуу Исландад гарчихаад тэндээсээ цаашаагаа явж, нөгөө мөсөн Гренландад ажиллаж амьдарч байгаа тухайгаа ярихад нь нас жаахан залуухан байсан бол тэр нөхрийг дагаад туучихмаар л санагдаж байлаа.
-Амьдрал Африкт ямар байх юм?
-Чи мэднэ дээ, би явсан очсон газраа муулах, харлуулах тун дургүй хүн. Аль болохоор гэгээлэг тэр тусмаа бидэнд сургамж болохоор мөн амь амьдралдаа хэвшүүлээд авчихмаар юу байнав гэдэг талаас нь очсон орноо харж, түүнийгээ уншигчиддаа хүргэхийг хичээдэг. Гэхдээ л худлаа ярилтай нь биш тэнд амьдрал үнэхээр барзгар юм аа.
Миний очсон Гана улс алт олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг арван орны нэг. Жилд манайхаас даруй гурав дахин их буюу 65 тн алт олборлож байна. Алмазны том баялаг ордтой ч газар юм. Манайд бужигналдаж байгаа шиг нинжанууд ч тэнд 100 гаруй мянга байгаа гэнэ. Явж үзлээ. Өдөржин шороо ухаж байгаа хүмүүсийн нүүр царай ямар байдаг билээ, угаасаа хар болоод ч тэр үү тэд нарын царай зүс гэж авах юм алга. Бөөн шумуулан дотор хөл гар нь цуурч хагараад яр шарх болчихсон нүцгэн харчууд л энд тэндгүй бужигналдаж байна. Хэдийгээр хатуу хуультай гэх боловч мөнөөх мөнгөн усыг хэрэглэх явдлыг зогсоож чадахгүй байгаа талаар удирдлагууд нь ярьцгааж байна лээ. Алт ухаад амьдрал нь дээшилчихсэн хүн тэнд огт алга, өдрийнхөө өлийг л дөнгөн данган залгуулдаг юм байна. Бүх насаараа бүр хэдэн үеэрээ шороон дотор амьдарч яваа энэ хүмүүсийн дундаж наслалт бусад бүс нутгийнхнаас бараг хоёр дахин доогуур байдаг гэнэ. Хэдэн зуун жилээр ийнхүү уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа явуулснаас сүйрчихсэн газар нутагаа нөхөн сэргээж байгаа гэх боловч мөнгө хөрөнгөгүйгээс зогсмол байдалд орсон тухайгаа тэд гаслан ярьцгааж байна.
-Гар аргаар алт олборлогчдын эрх ашгийг хөндсөн хууль гаргахыг танай намынхан эсэргүүцээд байгаагийн учир үүнд байгаа гэж ойлгож болох уу.
-Тэгэлгүй яахав. Гар аргаар алт олборлогчид өнөөдөр газрын, байгаль орчны, усны, ашигт малтмалын гээд маш олон хуулийг зөрчиж, газар хөрс, гол усыг бохирдуулж, дээр нь бүр хууль бусаар химийн хорт бодис хэрэглэж голын сав дагуу амьдрах олон хүн малын ундны усыг бузарлаж байгаатай эвлэрч болно гэж үү? Тэдний дунд эмэгтэйчүүд, бага насны маш олон хүүхэд хортой хүнд нөхцөлд бие махбодийн болоод сэтгэл санааны дарамтанд ажиллаж байна. Өөрсдийнхөө хуулийг тоодоггүй юм аа гэхэд бид чинь хүүхдийн эрхийг хамгаалах хэд хэдэн олон улсын конвенцид гарын үсэг зураад нэгдчихсэн орон шүү дээ. Өдөржин шороо тоос, шавар усан дотор ажиллаж байгаа энэ хүмүүс ялангуяа хүүхдүүд алсдаа өөрсдөө л эрүүл мэндээрээ хохирно шүү дээ. Үүнийг ойлгуулж энэ бурангуй үйл ажиллагааг хязгаарлан зогсоох ёстой байтал төр засаг улам өөгшүүлэн дэмжинэ гэж байж болох уу?
-Ер нь Африк чинь ашигт малтмалаа аль хэдий нь шавхчихсан газар гээ биз дээ.
-Үгүй юм аа. Африк маш баян тив. Тэнд байхгүй ашигт малтмал гэж бараг үгүй юм. 1970-аад оныг Өмнөт Африк хүртэл дэлхийн бүх алтны гуравны хоёрыг дангаараа гаргаж байсан. Гурван нийслэл хоттойгоороо дэлхийд алдартай энэ орон одоо ч хүртэл жилдээ 300 шахам тонн алт угааж, алт болоод алмаз олборлолтоороо дэлхийд тэргүүлсээр явна. Дэлхийд олзворлож буй алмазны ихэнхийг Африк тивээс гаргаж байна. Нефть ч ихтэй юм. Гэвч энэ их баялагтай нутгийн иргэд ядуурлаас огтхон ч гарсангүй ээ. Аливаа улс орны иргэд авхаалж самбаагаа уралдуулан ажиллаж хөдөлмөрлөж байж л амьдрал нь дээшилдэгээс биш зүгээр сууцгааж байгаад ашигт малтмалаараа баяждаггүйн тод жишээ энэ.
Өнөөдөр дэлхийн 6.5 тэрбум иргэдийн 40 хувь нь өдөрт хоёр ам доллараас доош орлоготойгоор өлөн зөмөг амь зууцгаадаг. Тэдний ихэнх нь Африкийн хар арьстнууд. Манай улс ч гэсэн тэднээс дээрдэж нэг их гайхуулаад байх юм байхгүй, өнөөдөр Монголд өлсөж турж үхээд байгаа юм үгүй ч гэсэн статистик судалгаанаас харахад нийт хүн амын 70 хувь нь өдөрт хоёр доллараас доош орлоготой, хагас өлсгөлөнгийн байдалтай л амиа тээцгээж байна. Ерөнхийлөгчийн амлаад байгаа шиг Оюу толгой болоод Таван толгойн хишгийг зүгээр сууж байгаад хүртэнэ, баяжина гэж горьдоод байвал түүн шиг худлаа юм байхгүй шүү.
-ДОХ-ын өвчлөлтөөрөө Африк дэлхийд тэргүүлдэг гэсэн байх аа?
-Тийм ээ. 2001 онд Америкийн хоёр өндрийг онгоц мөргөж, 3000 гаруй хүний амь үрэгдэхэд дэлхий нийтээрээ гашуудацгааж байсан. Гэтэл энэ тивд өнөөдөр өдөр бүр өвчин болоод өлсгөлөнгөөр 10 мянган хүн үхэж байна. Дэлхийн хүн амын 12 хувь оршин суудаг энэ нутагт нийт ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 60 хувь амьдардаг гээд бод доо. 2005 онд дэлхийд энэ өвчнөөр 2.8 сая хүн нас барсны 2 сая нь Африк тивийн иргэд байж. Свайзеланд хэмээх эндхийн нэгэн ядуу орны хүн амын 40 хувь нь ДОХ-ын вирус тээж, жирэмсэн эхчүүдийн 30 гаруй хувь нь ийм халдвартай гэх судалгаа байна.
-Уучлаарай, ярианы маань сэдэв арай л буруу тийшээгээ хэлтийчих шиг боллоо. Сэтгүүлч хүний хувьд Африк тивийн талаар таны олж харсан төсөөлөл?
- Африкийг хүмүүс ихэнхдээ хар гэж ярьдаг ч миний хувьд ногоон тив гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл энэ тивийн хойд хэсэгт орших Сахарын их элсэн цөлийг эс тооцвол сансрын зурагаас харахад цэл ногоон бүр зарим хэсэгтээ хар ногоон өнгөтэй харагддаг юм билээ. Ийм том ногоон өнгөтэй уудам нутгийг дэлхийн аль ч өнцөг булангаас хэн ч олж харахгүй дээ. Эндээс л өнөөдөр энэ дэлхийд оршин сууж буй зургаан тэрбум гаруй хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн дийлэнх нь ялгарч байгаа учраас энэ тивийг хараар будах ямар ч үндэслэл бидэнд байхгүй л болов уу. Харамсалтай нь энэ тивийн ядуучууд жил бүр таван сая гаруй ой модоо устгаж байна.
-Хуралд та өөрийн орны байгаль орчны өнөөгийн байдлаар илтгэл тавьсан гэв үү?
-“Монголын уул уурхай ба байгаль экологи” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Манайд сүүлийн үед эмх замбараагүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дүр зургийг “Алт бидний ирээдүй мөн үү” гэдэг баримтат киногоороо ч төлөөлөгчдөд үзүүлсэн. Монголд эмх замбараагүй ямар ч хяналтгүйгээр ашигт малтмалын ялангуяа алтны олборлолт явуулдаг мөн үр дагаварт нь юу болоод байгаа талаар нилээд нухацтай ярилцлаа. 45 минутын илтгэлийн хэлэлцүүлэг дахиад бүр бүтэн цаг үргэлжилсэн шүү.
- Уул уурхай чинь хааяагүй л байгаль орчныг сүйдэлдэг биз дээ, юу нь тийм их сонирхолтой санагдсан юм бол оо?
-Манай дарга нар ашигт малтмалынхаа хуулийн дагуу лиценз гэдэг гоё нэртэй хувилбараар нийт нутаг дэвсгэрийнхээ 40 гаруй хувийг дотоод болоод гадаадынханд 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тараагаад өгчихсөн. Ашигт малтмал бүхий 1 га газрын хамгийн дээд талын төлбөр нь жилд 10 доллар байдаг тухай ярьчихсан чинь танхим тэр аяараа шуугилдаад явчихсан. Надад зарим нь бүр итгэхгүй, үнэн үү гэж дахин дахин асуугаад байсныг яана. Арай ч дээ гэх хүн олонхи нь. Одоо очвол газар олдох болов уу гэж сурагласан уурхайн эзэд ч зөндөө таарлаа. Манай ашигт малтмалын хууль П.Очирбат гуайн ярьдагаар ёстой “хорвоод хосгүй мундаг” хууль болсон юм байна лээ шүү.
-Одоо тэгээд яахав? Энэ байдлыг засаж залруулах ямар арга зам байна?
-Эхний ээлжинд ашигт малтмалынхаа хуулинд засвар оруулдаг юм уу яадаг юм ямар ч байсан гол горхины эх болоод ай сав газар олборлолт явуулж байгаа бүх уурхайн үйл ажиллагааг яаралтай хаах шаардлагатай. Дараагийн ээлжинд энэ эмх замбараагүй лицензийн асуудлыг нэн даруй цэгцэлж газрын наймааг таслан зогсоох ёстой. Мөнгөн ус цианид зэрэг химийн хорт бодис хэрэглэсэн компаниуд болоод хувь хүмүүстэй хийх хуулийн тооцоог эрс хатууруулах шаардлагатай. Ер нь цаашдаа ашигт малтмалын салбарт дэлхийд танигдсан цөөхөн том компаниуд орж ирэхийг нь дэмжсэн бодлого явуулахгүй бол энд тэндхийн энэ олон жижиг гарууд чинь онгон байгаль уул усыг маань сүйдлээд дууслаа шүү дээ.
Хатуухан хэлэхэд шинэ мянганы эхэнд Ерөнхий сайд Энхбаяр, Ерөнхий мэр Энхболд нарын ЕЭ нар хот хөдөө гэлтгүй газар нутагаа хамгийн ихээр зарж хувааж, Ерөнхийлөгч Багабанди /ЕБА/ аль алийг нь толгой дохин хүлээн зөвшөөрсөн он жилүүд шувтарлаа. Энэ нь Монголын түүхэнд хамгийн том хар толбо болон үлдэж, хүүхдүүдийн хэлдгээр ЕЭ ЕЭ БА БА болгож орхив уу гэлтэй. Зарагдсан газар нутагтаа өөрсдөө шахагдан амьдарч буй гутамшигтай энэ он жилүүдийг хойч үеийнхэн маань эмгэнэлтэйгээр дурсах л болж үлдэх шив дээ.
Өөр ямар ажил амжуулав даа?
Замдаа Англи, Голланд, Австриар дайрч тэндхийн Ногоон намынхантай уулзан танилцаж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.
-Танд баярлалаа, цаашдын тань ажилд амжилт хүсье.
Б.Золбаяр
Өдрийн сонин №186 2007-8-8